Э.Батзаяа: Аль ч шатны ИТХ хөгжлийн төлөөх мэтгэлцээн, сэтгэлгээний талбар байх ёстой
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
Баянхонгор /МОНЦАМЭ/. Баянхонгор аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн
Хурлын сонгуульд нэр дэвшин ялалт байгуулсан хамгийн залуу төлөөлөгчтэй уулзаж
ярилцлаа. Түүнийг Эрдэнэбатын Батзаяа гэдэг. Анх удаа нэр дэвшин үнэмлэхүй
ялалт байгуулж чадсан түүнтэй ярилцахад эрч хүч, ихийг хийж бүтээх хүсэл
эрмэлзлэл мэдрэгдэж байв.
- Аймгийн ИТХ-ын сонгуульд анх удаа нэр дэвшин, ялалт байгуулж чадсанд тань баяр хүргэе.
- Баярлалаа. Их итгэл, үүрэг хариуцлага хүлээлгэсэн
сонгогчиддоо баярласнаа илэрхийлье.
- Энэхүү ярилцлагын агуулга улс төр,
сонгуультай төдийлөн холбоогүй. Таныг иргэдээ төлөөлөх үүрэг хүлээсэн хамгийн
залуу төлөөлөгчийн тань хувиар, хийж бүтээх гэж зорьсон зүйлсийн талаар тань
ярилцах болно.
- Тэгье, би ч тийм хүлээлттэй байлаа.
- Баянхонгор аймгийн Залуучуудын холбооны
тэргүүнээр, дараа нь Залуучуудын хөгжлийн хөтөлбөрийн зохицуулагчаар ажиллаж
байсныг тань мэднэ. Нийгмийн салбар руу хэрхэн “орсон” тухайгаас яриагаа
дэлгэе.
- Дэлхийн бусад орнуудын нэгэн адил Монгол
Улсын хөгжлийн тулгуур, нийгмийн бүтээн байгуулагч гол хүч нь яах аргагүй
залуучууд. Манай орны тухайд хүн амын бүлгийн дийлэнх хувь нь залуучууд байгаа
нь түүхэн боломж гэж харж болно. Гэсэн хэдий ч залуучуудад тулгамдаад буй хэд
хэдэн нийтлэг асуудал хэвээр оршиж байна. Чанартай боловсрол, мэргэжил эзэмших,
хөдөлмөр эрхлэлт, эрүүл мэнд, нийгмийн хамгааллын асуудал, нийгмийн оролцоо,
чөлөөт цагаа зөв боловсон өнгөрөөх орчин нөхцөл зэрэг тулгамдсан асуудал олон
бий. Энэ бүхнийг зүгээр хараад суух биш, аль чадах түвшиндээ гар бие оролцож
залуусын дуу хоолойг тодруулъя гэж зорьсон юм.
- Залуучуудыг дэмжих тал дээр манай улс хэр
хэмжээнд байна гэж хардаг вэ?
- НҮБ-ын ХАС-ийн Залуучуудын хөгжлийн хөтөлбөр анх
хэрэгжиж эхэлж байхад залуучуудын тоо - статистик мэдээлэл байхгүй,
залуучуудад юу тулгамдаж байгаа нь тодорхойгүй, залуучуудын нийгмийн
амьдралын идэвх оролцоо нь ойлгомжгүй гээд олон зүйл тодорхой бус
байсан учир хэд хэдэн зүйлийг зайлшгүй хийх шаардлагатай болсон. Ингээд НҮБ-ын
ХАС, Монгол Улсын Засгийн газар үр дүнтэй хамтарч ажилласны хүрээнд Монгол Улс
2017 онд “Залуучуудын хөгжлийг дэмжих тухай” хуультай болсон. Энэ хууль
бий болсноороо залуучуудад тулгамдаж байгаа зарим асуудлыг
шийдвэрлэхэд суурь нь болж өгч байгаа юм. Мөн Хүүхдийн төлөө үндэсний газрын
үйл ажиллагааг өөрчилж, Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч
агентлаг “Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар” гэж байгуулсан.
Ингэснээр Монгол Улс 1990 оноос хойш анх удаа залуучуудын асуудал эрхэлсэн
төрийн захиргааны төв байгууллагатай болсон юм. Цаг хугацааны хувьд
хожуу ч гэлээ ахиц дэвшил бага багаар гарч байгаа нь олзуурхууштай.
- Хөтөлбөрийн хүрээнд Баянхонгор аймагт
Залуучуудын хөгжлийн төв байгуулан ажилласан. Энэ хүрээнд манай залууст олон боломж нээгдсэн гэж хардаг шүү.
- Залуучуудын хөгжлийн төвийн дэргэд Залуучуудын
зөвлөл, Сонирхлын клуб, Дэмжих бүлгүүд идэвхтэй үйл ажиллагаа явуулж, амьдрах
ухаан, нөхөн үржихүйн эрүүл мэнд, хөдөлмөр эрхлэлт, мэргэжил сонголт,
сэтгэлзүйн зөвлөгөө, мэдээлэл, үйлчилгээг хүргэн ажиллаж байсан.
“Гэрэл зураг сонирхогчдын клуб” маань үйл ажиллагаа нь
өргөжсөөр Баянхонгор аймгийн Гэрэл зургийн холбоо болсон байна. Мөн “Хонгорын
дугуйчин” клуб маань Баянхонгор аймгийн Унадаг дугуйн холбоо болоод эдгээр
байгууллагууд нь дотооддоо үйл ажиллагаа явуулахаас илүү нийгэм рүү чиглэсэн
олон санал санаачилгуудыг хийж хэрэгжүүлж хэвшсэн байна. Баруун таван аймаг,
зүүн найман аймгаар туршлага судлах аялал зохион байгуулж, түүний үр дүнд
“Залуучуудын хөгжлийн хөтөлбөр” боловсруулах ажлыг зохион байгуулж, шийдвэр
гаргах түвшинд залуучуудын оролцоог нэмэгдүүлэх зорилгоор аймгийн ИТХ-ын дэргэд
Залуучуудын зөвлөл байгуулан ажиллуулж эхэлсэн гээд чамлахааргүй үр дүнгүүд
гарсан.
- Гэрэл зургийн холбоо, Унадаг дугуйн
холбооны үйл ажиллагаанд одоо ч идэвхтэй оролцдог байх аа.
- Унадаг дугуй бол эрүүлд хүрэх эхний алхам. Дасгал
хөдөлгөөн байнга хийгээд байх боломжгүй үед унадаг дугуй унах нь эрүүл мэндэд
тустайгаас гадна эдийн засгийн хэмнэлт гээд олон давуу талтай. Харин гэрэл зураг
бол миний хобби. Эхлээд аялангаа зураг авдаг байсан бол сүүлдээ зураг авахын
тулд аялах нь их болоод байгаа. Хүн өсч, төрсөн нутгийнхаа гоё сайхныг заавал
үзэх ёстой гэж боддог учраас 2006 оноос хойш аймгийнхаа үзэсгэлэн, түүхэн
дурсгалт, онцлог газруудыг бараг бүгдийг нь үзсэн. Зарим газраар нь хэд хэд ч
очсон. Явах тусам гурван бүсийн энэ сайхан нутгаар овоглодгоороо бахархах
сэтгэл төрнө шүү дээ.
2018 онд Баянхонгор аймгийн Гэрэл зурагчдын холбоо орон
нутгийн шилдэг холбоогоор шалгарсан бол өнгөрсөн жил Ламын гэгээний 380 жилийн
ойн баяр наадмыг угтаад бид бүхэн “Үзэсгэлэнт Баянхонгор” гээд анхны гэрэл
зургийн цомгоо хэвлүүлсэн. Танин мэдэхүйн ач холбогдолтой, аятайхан бүтээл болж
чадсан байх гэж бодож байгаа. Сүүлийн үед технологи хөгжөөд утас, таблет гээд
өдөр тутмын хэрэгслээрээ хүн болгон зураг авах боломжтой болж байна. Гэрэл
зураг сонирхоод ирэхээр хүний харах өнцөг хүртэл өөр болоод ирдэг шүү.
- Гэр бүлийнхээ талаар танилцуулахгүй юу?
- Эхнэрийг маань Г.Нямцэрэн гэдэг. Санхүүгийн
мэргэжилтэй, Төрийн банкны Баянхонгор аймаг дахь салбарын ахлах нягтлан
бодогчоор ажилладаг. Ханьтайгаа амьдраад 13 жил болжээ. Энэ хугацаанд хоёр
хөөрхөн гүнжийн аав, ээж болоод байна. Одоо бол гурван бүсгүйн халамжид амьдарч
байгаа азтай хүн шүү дээ. Охин хүүхдүүд аавдаа амь гэдэг үнэн, гэртээ ороод л
цэнэглэгдэнэ. Бага охин маань энэ намар нэгдүгээр ангид ороод гэрийн
даалгавар хийлгэх гэдэг хариуцлагатай албан тушаал нэмж өгсөн. /инээв/
- Сайн аав байх нь. Гэрийн ажилд хэр вэ?
- Тун гайгүй шүү. Багын хүмүүжилтэй холбоотой байх. Хааяа
шинэ содон хоол туршиж хийх дуртай. Манайд бол аавын гарын хоол алдартай шүү
дээ. Аль ч баяр дээр ахлах тогооч л хийнэ.
- Аав хүний хувьд үр хүүхдүүддээ юуг
хамгийн ихээр хүсдэг вэ?
- Мэдээж олон сайхан зүйлийг хүсэлгүй яахав. Гэхдээ нэг
зүйлийг боддог юм. Хэдий гоё, сайхан сарнай өсгөж хүмүүжүүллээ гээд нийгэм нь
шарилжаар дүүрэн байвал яах вэ гэж. Тийм учраас үр хүүхдүүдээ анхаардаг шигээ
тэднийхээ амьдрах энэ нийгмийн сайн сайхны төлөө эцэг, эх болгон гар бие
оролцох ёстой гэж боддог. Тэгж байж л жинхэнэ утгаараа эрүүл аюулгүй нийгэмд
амьдрах боломж бүрдэнэ.
- Ингэхэд та нийгмийн салбарын мэргэжилтэй юу?
- Нийгмийн салбарт мэргэшихээр явж байгаа гэж хэлж болно.
Харин мэргэжил маань өөр шүү. ШУТИС-ийн КТМС төгссөн, Компьютерын техник
хангамжийн инженер мэргэжилтэй.
- Мэргэжлээ хэрхэн сонгож байв?
- Цэцэрлэгт байхад Монголын үндэсний радиогоос нэг
сурвалжлагч ирээд ярилцлага авч байгаад том болоод ямар мэргэжилтэй болох вэ
гэхэд нь “цэргийн дарга” болно гэж хариулж байснаа санадаг юм. Түүнээс хойш
цагдаа, нисгэгч, эмч гэх мэтээр олон өөрчлөгдсөн. Нэг өдөр сургуулийнхаа
мэдээлэлзүйн танхимд санаандгүй явж ороод ах, эгч нар нэг зүйл дээр шавчихсан
байхаар нь сонирхоод харж баахан зогсож билээ. Анх компьютертай тэгж
танилцаад, түүнээс хойш боломж л олдвол мэдээлэлзүйн танхимаас салахаа
больчихсон байсан. Windows 95 үйлдлийн систем дээр ажилладаг, плофи дискэн дээр
файлаа хуулж зөөдөг байсан үед нь “дурласан” гэсэн үг. Хэдэн жилийн дараагаас
нь аймагт компьютер тоглоомын газрууд нээгдэж эхэлсэн. Тэгээд зарим нэг газар
нь ойр зуурын засвар хийж өгөөд үнэгүй тоглодог болоод, тэгж бага сага
оролддог болсныгоо “Би ер нь компьютерт сайн” гээд бодчихсон байсан үе. Дээрээс
нь гэр бүлийнхэн маань ч энэ чиглэлийн мэргэжил эрэлттэй болно гэж ярилцаад
тухайн чиглэлээр бэлтгэж элсэлтийн ерөнхий шалгалтаараа дээгүүр оноо аван
тухайн сургууль, ангиа сонгож байлаа.
- Ажлын гараагаа эхэлж байсан үеэ дурсвал?
- Дипломын ажлын сүүлийн шатны хамгаалалт дууссаны дараа
нэг танихгүй хүн ирж уулзаад, ажлын санал тавьж байсан. Тэр хүн Уул уурхайн
тоног төхөөрөмж нийлүүлдэг компанийн захирал байсан бөгөөд тус компанид анх
инженерээр орж, ажлын гараагаа эхэлж байлаа. Түүний дараа Баянхонгор аймагт анх
цэвэр усны үйлдвэр орж ирэхэд нь гар бие оролцож, “Монакуа” нэртэй ус
үйлдвэрлэж худалдаанд гаргаж байгаад, үүрэн холбооны салбарт ажиллах боломж
олдож Жи-мобайлын эрхлэгчээр хэсэг хугацаанд ажилласан. Тухайн үед Галуут, Богд
суманд шинээр сүлжээ нэмэгдэн орж, үйлчилгээгээ нэвтрүүлэн хамтран ажиллаж
байсан байна. Тэгээд нийгмийн салбар руу буюу НҮБ-ын Залуучуудын хөгжлийн
хөтөлбөрийн Баянхонгор аймаг дахь зохицуулагчаар ажиллаж сайхан хамт олонтой
нийлж том, жижиг олон төсөл хөтөлбөрүүдийг хамтдаа хийж гүйцэтгэсэн байна.
Одоогоор бол хувийн компани үүсгэн байгуулаад явж байгаа.
-Ажлын багагүй туршлагаас тань юу үлдэв танд?
-Өсч төрсөн нутагтаа сайхан амьдрах хүсэл мөрөөдөл
хүн бүрд байдаг. Орон нутгийн хөгжлийн зогсонги байдлыг халах, иргэдийн
оролцоог хангаагүй тогтолцоог өөрчлөх ажлууд үүнээс эхлэх ёстой. Энэ хүртэл би
аль ч салбарт “гар дүрчихээр” асуудлууд байгааг соргог мэдэрдэг болсон байна.
Сайн дурын үйл ажиллагаанд оролцсоноор бусдыг ойлгох, хайрлах, амьдралын
зорилтуудаа тодотгох, нийгмээ мэдрэх, нийгэмдээ хэрхэн хувь нэмэр оруулах
боломжуудаа олж харах гээд олон бодит чадваруудыг эзэмшжээ. Өөрөөр хэлбэл,
өөрөө төлөвшихөөс гадна том, жижиг төслүүдийг зохион байгуулаад явж байх явцдаа
ямарваа нэгэн асуудлыг шийдэх арга замыг мэддэг болсон байна.
-“Ухаалаг Баянхонгор” хөтөлбөрийг санаачлан ажиллаж байгаа гэж сонссон. Хөтөлбөрийнхөө тухайд танилцуулаач?
- Шинэ зууны хотын хөгжлийн чиг хандлага,
технологийн дэвшил, иргэдийн хүсэл шаардлага, бизнесийн орчны өөрчлөлт зэргийг
оновчтой шийдвэрлэж байх, мэдээллийн нэгдсэн бүтэцтэй, ойлгомжтой дүрэм
журамтай, соёлтой шуурхай үйлчилгээтэй, технологижсон, ажиллаж амьдрахад таатай
жишиг аймгийг бий болгоход энэхүү хөтөлбөрийн зорилго оршиж байгаа юм. Ухаалаг
хотыг тодорхойлох хэдэн хүчин зүйлүүд бий. Тодруулбал, Ухаалаг засаглал,
Ухаалаг эдийн засаг, Ухаалаг иргэд, Ухаалаг үйлчилгээ, Ухаалаг орчин гээд энэ
бүгд бүрдэж байж ухаалаг хот бий болох ёстой.
Эдгээрээс нэн тэргүүнд шийдвэрлэх ёстой нь Ухаалаг
засаглал гэж ойлгож болно. Ил тод, иргэдийн утга учиртай оролцоог хангасан,
оновчтой бодлого төлөвлөлт бүхий цахим засаглалыг нэвтрүүлэх ажил маш чухал.
Үүний хүрээнд иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, мэдээллийн хүртээмжийг
сайжруулахын тулд хийж байгаа нэг ажил нь гар утасны апплакейшн байгаа
юм. Баянхонгорт үйл ажиллагаа явуулж байгаа төрийн байгууллагуудын цахимаар
хүргэж болох үйлчилгээнүүдийг нэгтгэн, тус апплакейшнд
оруулж байгаагаас гадна орон нутгийн чанартай ложистик тээвэр, хурал цуглаан,
үзвэр үйлчилгээ, тэмцээн уралдааныг шууд дамжуулах LIVE сувгууд, мэдээ
мэдээлэл, өргөдөл санал гомдол дамжуулах боломж, дотоод чат групп үүсгэх, event
үйл ажиллагааны мэдээлэл зэргийг багтаасан байхаар оруулсан байгаа. Ингээд
цахим боломжийг нэмэгдүүлээд ирэхээр анхаарах нэг зүйл нь /digital divide/ буюу
цахим ялгаатай байдлыг арилгах шаардлага гарч байгаа юм. Энэ нь юу вэ гэхээр
аймгийн төвд амьдарч байгаа иргэн болон захын хороололд амьдарч байгаа иргэн
хоорондын ялгаатай байдал. Нэг нь гэртээ өндөр хурдны шилэн кабель ашиглаж
байхад, нөгөө нь интернетэд холбогдох боломжгүй байх жишээтэй. Тиймээс
мэдээллийн тэгш хүртээмжтэй байдлыг хангахын тулд аймгийн бие даасан утасгүй
дотоод /wifi/ сүлжээг бий болгох ажил хийх ёстой. Ингэснээр эхний ээлжинд
Баянхонгор сумын иргэд орон нутгийнхаа мэдээллийг утасгүй өндөр хурдны
сүлжээгээр дамжуулан гэрээсээ авах боломж бүрдэж эхэлнэ гэсэн үг.
-Гоё шийдэл байна...
- Дараагийн нэг зүйл нь Нэгдсэн мэдээллийн сан үүсгэх
буюу аймгийн /big data/ бий болгох асуудал. Иргэн бүр
ямар нэгэн байдлаар төрөөс үйлчилгээ авдаг учир Биг дата буюу их өгөгдлийг
хамгийн их цуглуулдаг субъект нь төр юм. Төрийн байгууллагуудад төрөөс гаргаж
байсан бүх шийдвэр, гэрээ, төрийн албан хаагчийн хийж байсан ажил, иргэд болон
төрийн маш олон мэдээллүүд хадгалагдсан байдаг. Энэ их мэдээллийг биг дата
болгож болно. Ингэснээр олон боломж нээгдэх юм. Тухайлбал төр буруу шийдвэр
гаргадаг, өмнөх алдаагаа давтдаг гэсэн асуудал яригддаг. Энэ нь төр өмнө нь
гаргаж байсан алдаагаа дахиж давтахгүй байх арга хэмжээ авдаггүй байсантай
холбоотой. Өөрөөр хэлбэл, өгөгдлөө цаасаар хадгалдаг байсан учраас түүн дээрээ
дүн шинжилгээ хийхэд бэрхшээлтэй байдаг. Харин биг датаг ашигласнаар дүн
шинжилгээ хийгээд зогсохгүй ирээдүйг “зөгнөх” боломжтой. Энэ их датаг ашиглаж
аймаг хамгийн түрүүнд хаана, ямар ажил хийхээ тооцоолно. Хаана цэцэрлэг,
эмнэлэг, худаг барих шаардлагатайг өгөгдөл дээрээ тулгуурлаж дүгнэх боломжтой.
Энэ нь хамгийн зөв шийдвэр байх юм. Өгөгдлийг иргэн шууд ашиглахад хэцүү ч
түүнийг боловсруулбал мэдээлэл болно, мэдээллээс мэдлэг бий болно. Мэдлэг бий
болох хамгийн анхны шат нь өгөгдөл. Энэ их датаг цэгцэлнэ гэдэг их ажил. Үүнд
тодорхой цаг хугацаа хэрэгтэй учраас эрт эхлэх тусам эрт үр дүнгээ өгнө гэсэн
үг.
-Иргэний нийгмийн байгууллагаас - иргэдээ төлөөлөх ажил руу ханцуй шамлахаар шийджээ. Тэгэхээр ИТХ-ын үйл ажиллагааг сайжруулах тал дээр танд ямар бодол байна вэ?
-Хурлын байгууллагын чадавх, төлөөлөгчдийн сонгуульт
үүрэгтээ хандах сэтгэл, идэвх зүтгэл маш чухал. Сумын ч бай, аймгийн ч бай ИТХ
бол нутаг орноо гэсэн сэтгэлээр асуудалд ханддаг, олон ургалч үзлээр өөрсдийн
оюун бодлоо, сэтгэлгээгээ уралдуулж байдаг, нээлттэй уралдааны талбар байх
ёстой гэж боддог. Ганцхан улс төрөөр амаа хамхиулаад сууж байх биш, оюун бодлоо
уралдуулж, жинхэнэ хөгжлийн төлөө мэтгэлцээн болж байдаг сэтгэлгээний гол
талбар байх ёстой.
-Үүний тулд?
- Ийм талбар байлгахад
төлөөлөгч бүрийн оролцоо чухал. Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь иргэдийнхээ
төлөө ажиллаж, гарч буй шийдвэр бүр нь иргэдэд дандаа боломж болж очих ёстой.
Аливаа шийдвэр гаргахын өмнө иргэдээсээ асууж, тэднийг сонсож байх нь
чухал. Тиймээс төрд иргэдээ төлөөлөх энэ бүтцийг аль нэг улс төрийн
байгууллага шиг болчих вий гэж санаа зовдог. Биднийг төлөөлөхөөр
сонгогдсон хүмүүс олон нийтэд нээлттэй байж чадаж байна уу, эргэх
холбоотой байна уу үгүй юу, асуудалд хариуцлага хүлээх чадвартай байна уу үгүй
юу, төр бүхэлдээ нээлттэй, ил тод байж чадаж байна уу үгүй юу, асуудал шийдэх
чадвар байна уу үгүй юу зэрэг асуултуудад таатай хариулт ховор олдох болов уу.
-Хамгийн чухал нь юу юм бэ?
-Нэгдүгээр асуудал итгэлцэл. Хоёрдугаарх нь иргэний
нийгэм өөрөө хүчтэй байх асуудал. Өөрөөр хэлбэл, олон нийтийн оролцоо, идэвх
сайн байж чадвал төдий чинээ ардчилал бат бөх оршин тогтноно. Мөн эрхзүйт
төр буюу хууль дээдлэх ёс хэрэгждэг байж ардчилал бүтэн байх
боломжтой. Хамгийн чухал нь олон нийтийн утга учиртай оролцоо.
- Таны ялалт байгуулсан багт нэн түрүүнд хийж
хэрэгжүүлвэл зохих ямар ажлууд байна вэ?
-Техник технологи хөгжсөн
энэ зуунд амьдарч байгаагийн хувьд орон зай үл хамааран иргэдийнхээ санал
бодлыг сонсох, оролцуулах боломжийг бүрдүүлэх нь нэн тэргүүний ажил. Ингэж байж
багийнхаа асуудлыг бодитой оношилж, хэрхэн шийдэх гарц гаргалгаа олдоно. Хүн
бүр багаас зохион байгуулж байгаа хурал цуглаанд байнга оролцоод байх боломжгүй
шүү дээ. Энэ байдлыг шийдвэрлэх асуудал бол эхний том алхам. Манай 10 дугаар
баг албан байгууллага, сургууль, цэцэрлэг, байшин хороолол ихтэйгээрээ бусад
багаас онцлогтой. Энэ нь нэг талаасаа давуу тал боловч бид орчны асуудлаа
онцгой анхаарах зайлшгүй шаардлагатай тулгарч байна. Бидний ирээдүй болсон
өсвөр насныхны хорт зуршлын хэрэглээ өссөн харагдаж байгаа нь сэтгэл зовних нэг
асуудал болж байна. Нэг талаасаа хүмүүжил, ёс суртахууны асуудал боловч нөгөө
талаасаа сургуулийн бус орчин нөхцөл тэдэнд ээлгүй байгаа нь үнэн шүү дээ.
Үүнийг анзаарах цаг болсон. Энэ нь юу вэ гэхээр сургууль тойрсон байшин
барилгын дээвэр, гараашны булан тохой, хуучны балгас гээд хүний нүднээс далд
хүүхдүүд юугаа ч хийж байсан анзаарагдахааргүй орчин нөхцөл байсаар л байна.
Энэ бүхнийг эзэнжүүлэх, хашаа хороо барьж тусгаарлах, шаардлагатай бол хяналтын
камер, гэрэлтүүлэг зэргийг тавьж өгөх хэрэгтэй. Ингэснээр хүүхэд багачууд хараа
хяналтгүй байх боломж нь хумигдахаас гадна агаар хөрсний бохирдол үүсдэг, хог
новш хураагддаг, ил задгай бие засдаг гээд олон асуудал шийдвэрлэгдэх боломжтой
болж ирнэ. Эдгээр зүйлсийг жижиг гэлтгүй анзаарч, засч сайжруулж байж бид бүхэн
ая тухтай амар тайван амьдрах нөхцөл үүсэх юм шүү дээ.
-Тийм
шүү.
-
Орчин
нөхцөл дээр нэмээд хэлэхэд удахгүй утааны улирал эхэлнэ. Хүүхэд, хөгшид цэвэр
агаарт гараад тоглож наадаад амарчих дулаан байр, халуун хоол ундтай газар ойр
тойронд алга байна шүү дээ. Өвөлдөө хол яваад байлгүй цана чаргаар гулгаад эрүүл
агаарт гарчихдаг, зундаа усан гулгуур, бусад хөгжөөнт тоглоом наадгай тоглоод
амарчихдаг иргэд нь чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлчих газар бий болгоход
төрөөс бодлогоор дэмжээд өгөх хэрэгцээ байна гэж харж байгаа. Эдгээрийг дагаад
иргэдийн эрүүл мэнд, гэр бүлийн халуун дулаан уур амьсгал, нөгөө яриад байдаг
амьд харилцаа зэрэг чинь сайжирч эхлэх болно. Аймгийн төвдөө хүүхдийн паркгүй
цөөхөн аймгийн нэг нь манайх. Энэ мэт асуудлыг тоочоод суух биш, шийдлийг нь
санал болгодог, хэрэгжүүлдэг байх цаг ирсэн байна.
-Таны
ажил, зорьсон бүхэнд тань амжилт хүсье