С.Сэргэлэн: Монголын нууц товчоо энгийн хүнд 10 дахин ойлгомжтой, утга төгөлдөр болно
МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. "Монголын нууц товчоо" буюу Алтан дэвтрийг эртний бичгийн эх сурвалжуудтай харьцуулсан судалгааныхаа эхний үр дүнгээс “Сэргэлэн Интернэйшнл Экспедишн /СИЭ/” ТББ-аас танилцууллаа.
Тус байгууллагынхан 13 дугаар зууны Монголын түүх, хэл соёлын эл гайхамшигт дурсгалыг Алтан дэвтэр нэрээр сэрээн тайлж байгаагаа өмнөх хэвлэлийн хурлаараа мэдэгдэж байсан юм. Харин өчигдөр зохион байгуулсан хэвлэлийн хурлын үеэр эл зохиолыг 1300 жилийн өмнөх, монгол орны нутагт буй хадан бичгийн дурсгалууд, 1000 жилийн өмнө гарсан Диван лугат толиос хөөн сэрээхэд маш ойлгомжтой утга төгөлдөр болж байгааг онцлов.
СИЭ ТББ-аас зохион байгуулдаг "Хүн бичиг" сургалтын гуравдугаар ангийн төгсөгч Б.Хандмаа хэлэхдээ, "Алтан дэвтэр"-ийг дотоод, гадаадын олон хүн судалсаар ирсэн ч өнөө хэр бүрэн тайлаагүй байна. Нэн ялангуяа, эртний буюу хуучирсан үг хэллэгүүдийг нь судлаач бүр өөр өөрийнхөөрөө тайлбарлаж, тэр нь нэг мөр болон цэгцрэхгүй байна гэдэг бол нэг талаар мухардмал байдал гэж хэлж болно. Иймээс бид Алтан дэвтрийг түүнтэй хамгийн ойр гарсан эх сурвалжуудтай харьцуулах нь тэрхүү мухардлаас гарах нэг түлхүүр нь гэж үзэж байна. Тэр эх сурвалжууд нь Алтан дэвтрээс 300 жилийн өмнө гарсан Диван Лугат толь, мөн уг толиос ойролцоогоор 300 жилийн өмнөх, Монгол оронд маань байгаа хадан бичгийн дурсгалууд болж байна" хэмээн тодотгоод "Алтан дэвтрийг ийнхүү шинээр сэрээхдээ бид өгүүлбэр бүр, үг нэг бүрийн задаргааг хийж байна. Иймээс "Алтан дэвтэр"-ийн дүрэм гэдгийг боловсруулсан. Өөрөөр хэлбэл, Алтан дэвтэрт байгаа бүх тийн ялгалын нөхцөл, өгүүлэхүүний цаг, түүний ямар байдлаар хэрэглэгдэж байгаа зэргийг нарийвчлан тогтоож байна. Ингэснээр уг зохиолын өгүүлбэр бүр утгын хувьд маш тодорхой сэрж байна” хэмээлээ.
Тэрээр мөн судалгааныхаа үр дүнгээс жишээ татахдаа, "Дува сохор манглай дундаа ганц нүдэт гурван нүүдлийн /гурван нэүрит/ газар харах бүлээ" гэж тайлсан өгүүлбэр буй. Нүүдэл нь газар уснаас шалтгаалан харилцан адилгүй тул орон зайны хэмжүүр болж эс чадна. Өөрөөр хэлбэл, хүний харах чадвар нүүдэлтэй хамаагүй. Үүнийг эх сурвалжаас хөөвөл, “neür” нь зэв нүүлгэх (харвах) зайг өгүүлж буй нь батлагдаж байна. Энгийн нум сумны тусах газар нь ойролцоогоор 300 метр гэж үзвэл, гурван нүйүрит газар нь 900 метр болно. Ийм зайнаас бүлэг иргэний дотор яваа охиныг гадна төрхөөр нь хүнд эс өгтсөн гэж тодорхойлж байгаа нь Дува сохор сайн нүдтэйн шинж юм" гэв.
СИЭ ТББ-ын Хүн бичиг сургалтын гуравдугаар ангийг төгсөгч Ж.Амарсайхан хэлэхдээ, “Алтан дэвтэр”-ийн эхний 79
зүйлд 3201 үг байна. Оногдмол нэрсийг хасахад 2476 үг болж байна. Эдгээрээс давхардсан үгсийг хасахад 892 үг үлдэж байна. Тайлах ёстой эдгээр үгийн 323 нь Диван Лугат толиор тайлагдав. Гэхдээ орчин цагт бүрэн ойлгомжтой үгсийг уг толиос хайсангүй. Харин хадан бичиг дээрх үгсээс 188 үгийг тайлбарлалаа" гэж гурван эх сурвалжийг харьцуулсан статистик үзүүлэлтийг тоймлов.
Түүнчлэн тэрээр, "Монголын нутаг дэвсгэрт байгаа хадан бичээсүүд, Диван Лугат толь, Алтан дэвтэр
гэсэн энэ түүхийн гурван эх сурвалж дуудлага, өгүүлбэрийн бүтэц, үгсийн талаасаа
ижил юм. Гэхдээ мэдээж тухайн үеийн хадны бичгүүд зарим нэг аялгын
зөрүүтэй. Алтан
дэвтрийн 81 дүгээр зүйлийг "...Тэмүүжинг айл дор нэгэн
хонуулан хонуулан" гэж өнөөг хүртэл тайлсаар ирэв. Гэтэл энэ нь угтаа "ял дор нэхэн хэргийг нь
хүлээлгэн хүлээлгэн" гэсэн утгатай байна. Энэ мэтээр гурван эх сурвалжийг харьцуулахад Алтан дэвтрийн бараг өгүүлбэр бүр утгын хувьд шинээр сэрж байна” хэмээв.
“Сэргэлэн интернэйшнл экспедишн” ТББ-ын тэргүүн С.Сэргэлэн, “Алтан дэвтэр гарч
ирснээр хүн үндэстэн монголчууд бид эх сурвалж судлалыг жинхэнэ утгаар ойлгодог
болно. Зөвхөн эх сурвалж түшин ярьдаг болох нь байна. Алтан дэвтэр энгийн
хүнд 10 дахин ойлгомжтой, утга төгөлдөр болно. Манай хэл эвдрээд 80 жил
болоогүй байна. Тиймээс бид Алтан дэвтрээ сэрээхээс гадна
эх хэлээ сэрээх хэрэгтэй байна. Манай
хэлээр ямар өндөр түвшинд ярьж бичдэг байсныг Алтан дэвтэр гэрчилнэ. Хэлээ сэргээхгүй бол бид оршиход хэцүү. Өнөөгийн монголчууд нэр үгийнхээ тийн ялгалыг эвдсэн,
тийн ялгалаа бүрэн бүтнээр тодорхойлоогүйгээс орон зайгаар сэтгэж чадахаа байсан байна. Үйлийг илэрхийлж буй явцыг ойлгохгүй болсноос үйлээр дүрсэлж чадахгүй болсон байна. Үйл үгийн цагаа эвдсэн учир түүнийг илэрхийлдэг нөхцөлүүдийг хольж хутган замбараагүй хэрэглэдэг болжээ” гэж судалгааныхаа зорилгыг тодорхойлов.
Ташрамд мэдээлэхэд, Кашгарийн Махмуд 1077 онд “Диван Лугат ат-турк” (Турк толины хур буюу нэгтгэл) нэртэй Хүннү-Монгол хэлний толь бичгийг араб хэлээр бичин туурвижээ. Өнөөгийн Афганистан, Иран, Иракийн нутаг дэвсгэр дээр Орхон, Сэлэнгэ, Туулын сав талын эх бүлээсээ түүхийн өөр өөр цаг хугацаанд хэсэглэж нүүсэн овгууд урт удаан хугацаанд төр барих нь нутгийн перс, арабуудад ойлгомжтой болсон тул шинэ засаглалын хэлийг сурах хэрэгцээ шаардлагаар уг толийг бүтээжээ. Тиймээс уг толь мал ахуйтны хэлний чухал эх сурвалж болдог байна.