Угсаатны зүйн танхимын ховор бүтээлүүдээс
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
Завхан/МОНЦАМЭ/.Тус
аймгийн Орон нутгийг судлах музейн Угсаатны танхимд ховор нандин үнэт үзмэрүүд
олон бий. Тэдгээрээс онцолж хүргэж байна.
Лянганы багаж
Уг багаж нь музейн угсаатны зүйн танхимын үзмэрт байрладаг ба
нийт зургаан ширхэг бий. XIX зууны эхэн үеийн шашны багаж юм. Уг лянганы багажийг
Гүрбадам дархан бүтээсэн аж. Газар уул усаа тахиж тайхад хэрэглэж байсан гэдэг. Дөрвөн
очиртой багаж тэгүг, чаганцангийн хамт хэрэглэгддэг байжээ.
Модон Пүрэв
Тус үзмэр нь уран Сүрэнгийн XIX зууны сүүл үеийн модон бүтээлүүдийн нэг юм. Уран Сүрэн нь Завхан аймгийн Алдархаан сумын нутагт амьдарч байсан Монголд алдартай шашны модон сийлбэрийн бүтээлүүдтэй уран дархан хүн байсан аж. Сүрэнгийн олон бүтээлүүд дотроос уг Пүрэв нь дан модоор хийгдсэн. Пүрэвийн оройн хэсэгт догшин 10 хангал, Жамсрангийн догшин дүртэй, улаан хүрэн будаг тавьсан байна. Модон, төмөр Пүрэвийг лам нар аливаа муу муухай, ад зэтгэрийг даран номтгоход хэрэглэж байсан шашны нэг төрлийн багаж юм.
Хүрэл уур, төмөр нүдүүр
XYIII зууны сүүл үеийн хүрлээр цутгаж хийсэн төмөр цутгамал уур нүдүүрийн хамт музейн угсаатны үзмэрт байрладаг. Хажуу талын хоёр бөөрөндөө амуу тарианы дүрстэй, ирмэг хэсгийг эмжээрлэн давтаж хийсэн байдаг. Анх уг үзмэр нь музейн үзмэр цуглуулгаар орж ирсэн аж. Эрт цагийн Монгол айл бүр хүрэл, төмөр, модон, чулуун ийм хэлбэрийн уур нүдүүрээр цайгаа нунтаглаж үйрүүлэхээс гадна төрөл бүрийн эмийн ургамал, будаа тариа тэргүүтнийг нүдэж жижиглэн амьдрал ахуйдаа хэрэглэж байсан ажээ.
Монголд
дөрөвхөн байдаг Улаан Жамсран бурхны баг
Завхан
аймгийн Орон нутгийг судлах музейд хадгалагдаж байгаа шүрэн баг нь Завхан
аймгийн Их-Уул сумын нутаг дахь Хуягтын хүрээний буюу Далайн Чойнхор вангийн
хошууны урчуудын бүтээл хэмээн бүртгэгджээ.
Арван
догшин хангалын нэг болох Жамсран бурхны нүүрний баг болох уг бүтээл нь будааны
ширхэг мэт 6800 гаруй ширхэг шүрийг хэлхэж хүний нүүрний булчингийн хэлбэрээр
шигтгэж урласан онцлогоороо бусад шүрэн багаас ялгардаг ажээ. Хийц ур
нь цаас, будааны хэмжээтэй улаан шүр, будаг оролцуулан хөөмөлдөж бүтээсэн. Нэг
ширхэг шүрний цэвэр жин нь 1.665 грамм бөгөөд маш уран нарийн хийцтэй шашны
ховор бүтээл юм. 1950 онд анх музейд ирж одоог хүртэл түмэн олны нүдийг
хужирлаж байгаа юм. Монгол Улсын хэмжээнд ховор бүтээлд ордог XYIII зууны
сүүл үеийн шашны ховор бүтээл юм. Энэхүү
бүтээлийг ид шидтэй гэж ярих нь ч бий. Учир нь музейн гол үзмэр болсон уг багт
хүн аминчлан сүслэн залбирвал үйлс нь бүтдэг хэмээн нутгийнхан одоо ч ярьдаг
ажээ. Харин
хоёр дахь шүрэн баг буюу Чойжин ламын сүм музейд хадгалагддагийг нь XIX зууны
үед хүрээний алдарт барималч Пунцаг-Осор цаасан шуумлын аргаар урлаж, алт,
мөнгө, шүр, сувд, оюу, номин зэрэг эрдэнэсийн чулуугаар чимэглэжээ. Улаан
Жамсрангийн цамын багийг бүтээхдээ бурхны хилэнт дүр төрхийг 6000 гаруй цэвэр
улаан шүрээр чамин хийцээр шигтгэж урласан байна. Цамын баг нь дангаараа 30 кг
жинтэй бөгөөд өмсгөлтэйгөө нийлээд 70 кг жинтэй аж. Улаан
Жамсран бурхны өмсгөлд шүрэн баг, дээл, жавдар, хиур, рүжин буюу ясан чимэг,
мядаг буюу хормогч, цээживч, тэтэжад буюу Жамсран бурхны дагуул нөхдийн шүр,
үлбэн чимэглэлтэй цаасан шуумал цамын баг зэрэг 18 зүйл багтдаг байна.
Улаан
Жамсран бурхны шүрэн багийг Монгол улсын Засгийн газрын 1995 оны 241 тоот
тогтоолоор хосгүй үнэт өвд бүртгэжээ. Харин 2013 онд Монгол Улсын Засгийн
газрын 227 тоот тогтоолоор бүрэн өмсгөлийг нь хосгүй үнэт өвд бүртгэсэн байна.
Харин нөгөө хоёр баг нь Дүрслэх урлагийн музейд хадгалагддаг байна.