Өлгий хотын 3 мянган айл өрх цахилгаан эрчим хүчний шөнийн хөнгөлөлт эдэлнэ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Монгол Улсын
Засгийн газрын өнгөрсөн сарын 23-ны өдрийн хуралдаанаар аймгийн төв, 10
мянгаас дээш хүн амтай сум, суурин газрын хэрэглэгчдийн оройн 22.00 цагаас
өглөөний 06:00 цагийн хооронд хэрэглэсэн цахилгаан эрчим хүчний тарифыг 100
хувь тэглэсэн.
Хөнгөлөлтийг ирэх сарын 1-нээс дөрөвдүгээр
сарын 1-ний өдрийг хүртэл үзүүлэх бөгөөд Өлгий сумын 6, 9, 10 дугаар багийн 3
мянган өрх хамарна гэсэн мэдээллийг аймгийн Цахилгаан, шугам сүлжээний газраас
өгөв. Харин орон сууцанд амьдардаг айл өрхүүд болон үлдсэн багуудын хэрэглэгчид
хөнгөлөлт эдлэх боломжгүй аж.
Учир нь цахилгаан эрчим хүчний шөнийн
хөнгөлөлт эдлэх айл өрхүүд ухаалаг тоолууртай байх ёстой. Өлгий сумын дээр
дурдсан гурван багаас бусад багт ухаалаг
тоолуур одоогоор суурилуулаагүй байна. Мөн цахилгаан эрчим хүчний шөнийн
хөнгөлөлт нь утааг бууруулах, гэр хорооллын
ахуйн нөхцөлийг сайжруулах зорилготой тул орон сууцанд амьдардаг
айлуудад хамаарахгүй.
«УИХ-ын гишүүдийн дэмжлэг, Орон нутгийг хөгжүүлэх сангийн санхүүжилт зэрэг эх үүсвэрээс 3 мянган өрхөд
ухаалаг тоолуур тавьсан. Цаашид аймгийн төвийн бүх багт ухаалаг тоолуур тавих
зорилго тавин ажиллаж байна. Гэхдээ шаардлагатай санхүүжилт хараахан
шийдэгдээгүй» гэсэн мэдээллийг аймгийн ЦШСГ-аас өглөө.