Сум хөгжүүлэх сангийн хөрөнгө оруулалтыг үр дүнтэй зарцуулжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
Завхан/МОНЦАМЭ/. Тус аймгийн Дөрвөлжин сумын “Үйлс бүтэх” бүлэг энэ жил 200 гаруй захиалгат цагаан бүрээсийг оёжээ. Эднийхэн энэ жил захиалга ихтэйгээс гадна өөрийн гэсэн үйлчлүүлэгчтэй болж, зөөлөн оёдлын нэр төрлөө олшруулжээ.
Тус бүлэг нь зургаан хүнийг байнгын ажлын
байраар ханган ажиллуулдаг байна. Анх гурван жилийн өмнө 17 эмэгтэй санал
нийлж "Дөрвөлжин урлан" нэртэй нөхөрлөл байгуулжээ. Тэд сум
хөгжүүлэх сангаас 20 сая төгрөгийн зээл авч эсгий, зөөлөн оёдол, гар урлал,
гутлын гэсэн төрөлжсөн бүлгүүдийг ажиллуулж эхэлсэн байна. Тус нөхөрлөлийн нэгэн бүлэг болох Үйлс бүтэх зөөлөн оёдлын бүлэг нь анх үйл
ажиллагаагаа эхлүүлэхдээ аймгийн Политехник коллежийн оёдлын багш нараас 14
хоногийн сургалт авснаар ажлын гараагаа эхлүүлж байсан аж. Эсгий, зөөлөн оёдол,
гар урлал, гутлын бүлэг тус бүр таван сая төгрөгийн хөрөнгө оруулалттайгаар
сумынхаа иргэдээс захиалга авч ажлаа эхэлж байсан бол өдгөө сум
хөгжүүлэх сангаас авсан зээлээ хугацаанд төлж, үйлдвэрлэлээ өргөтгөж өрхийн орлогоо нэмээд буй юм.
Д.Цацрал: Тоног төхөөрөмж сайжирснаар бүтээгдэхүүний нэр төрөл олширч байна
-"Ер нь сум хөгжүүлэх
сангийн хөрөнгө оруулалт жинхэнэ эзэндээ очих юм бол суманд жижиг дунд
үйлдвэрлэлийг хөгжүүлж, олон хүнийг ажлын байраар хангах боломжтой юм байна
гэдгийг бид биеэрээ мэдэрч байгаа. Манай зөөлөн оёдлын бүлэг гэхэд энэ жил дөрвөн
хүнийг тогтмол ажлын байраар хангаж, давхар оёдолтой гэрийн дотуур, гадуур
цагаан бүрээс, хөнжлийн углаа даавуу, хувцас захиалга, засвар зэрэг сумынхаа
иргэдэд хэрэгцээтэй оёдлын бүхий л төрлийн үйлчилгээг үзүүлж байна. Мөн Политехник
коллежийн суралцагчдыг зуны амралтаар нь ажлын байраар хангадаг. Бид бүтээгдэхүүнийхээ
чанарт анхаарлаа хандуулдаг бөгөөд гэрийн цагаан бүрээсэндээ хамгийн багадаа
гурван жилийн баталгаа өгдөг. Өнөөдрийн байдлаар Европын холбооны санхүүжилтээр хэрэгжиж буй төслөөс 7.8 сая төгрөгийн, Z-24 төслөөс 9.6 сая төгрөгийн тоног төхөөрөмжийг хүлээн авсан байгаа. Тоног төхөөрөмж сайжирснаар үйлдвэрлэж буй бүтээгдэхүүний нэр төрөл олширч байна. Өнөөдрийн байдлаар монгол гэрийн дотуур, гадуур цагаан бүрээс, гэрийн хаяавч, өрх, дээвэр, туурга, автомашины хучлага, төрөл бүрийн европ хувцас, монгол дээл гээд нэр төрөл нэмэгдсэн байгаа. Захиалга ч тасрахгүй байна. Аймгийнхаа сумдаас гэрийн бүрээсний захиалгыг байнга авдаг. Бидний үйлдвэрлэл бага багаар өргөжиж, эргэлтийн хөрөнгөө нэмэгдүүлж
чадвал үйлдвэрийн хэмжээнд үйл ажиллагаа явуулах боломжтой болно" гэж “Үйлс бүтэх” бүлгийн ахлагч Д.Цацрал мэдээлэв.