Киргизийн Ерөнхийлөгч Бишкект онц байдал тогтоожээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
БИШКЕК. /ВВС/. Киргизийн Ерөнхийлөгч Сооронбай Жээнбеков тус улсын нийслэл Бишкек хотод онц байдал тогтоож, хотод дэг журам сахиулах зорилгоор цэрэг оруулах тухай зарлигт гарын үсэг зуржээ.
Бишкек хотод баасан гаргаас бямба гарагт шилжих шөнө тайван өнгөрөв гэж нийслэлийн цагдаагийн газар "Интерфакс" агентлагт мэдээлжээ. “Нийслэл хотын цагдаагийн газрын ажилтнууд Зэвсэгт хүчин болон ардын хамгаалагч нартай хамтран шөнийн эргүүл хийсэн” гэж тус агентлагийн эх сурвалж мэдээлсэн байна.
Баасан гаргийн орой Бишкек хотод улс төрийн янз бүрийн хүчнүүдийн дэмжигчдийн хооронд мөргөлдөөн болжээ.
Киргизийн парламентын сонгуулийн дараа болсон эсэргүүцлийн ажиллагааны үеэр засгийн газрын байруудыг эзлэн авч, сайд, дарга нар огцорсны дараа тус улсын байдлыг хэн хянаж байгаа нь тодорхойгүй хэвээр байна.
Киргизийн Ерөнхийлөгч Сооронбай Жээнбеков “улс орон нь хууль ёсны зам руугаа буцаж орсны дараа” огцорно гэдгээ баасан гарагт мэдэгдсэн билээ. Тэрбээр мөн Ерөнхий сайд Кубатбек Бороновыг огцруулж, дараа нь 10 дугаар сарын 21 хүртэл Бишкект онц байдал тогтоох тухай зарлигт гарын үсэг зуржээ.
Энэхүү шийдвэрийг олныг хамарсан эсэргүүцлийн ажиллагааны улмаас улс оронд үүсээд буй нөхцөл байдалтай холбогдуулан гаргасан гэдгийг ерөнхийлөгчийн цахим хуудсанд дурдсан байна. Онц байдлыг зөвхөн иргэдийн амь нас, эрүүл мэндийг хамгаалах, тэдний аюулгүй байдлыг хангах үүднээс, мөн нийгэм, улс төрийн нөхцөл байдлыг түргэн тогтворжуулах, Бишкек хотод олон нийтийн дэг журам тогтоох зорилгоор тогтоож байгааг Жээнбеков цохон тэмдэглэжээ.
Тэрбээр нийслэл хотын цэргийн комендантыг томилж, хөл хорио тогтоон, жагсаал цуглаан болон бусад олон нийтийн арга хэмжээг хориглосны зэрэгцээ олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд хяналт тогтоожээ. Түүний зарлигт заасны дагуу цэргүүд, цэргийн техник хэрэгсэл, хяналтын цэгүүдийг Бишкек хотод байрлуулах ёстой. Жээнбековын энэхүү зарлиг хэрэгжиж байгаа эсэх, түүний цэргийн тушаалуудыг хэрэгжүүлж байгаа эсэх нь тодорхойгүй байгаа ч ТАСС агентлагийн сурвалжлагчийн мэдээлж буйгаар, цэргийн албан хаагчидтай ачааны машины цуваа Бишкек хотын өмнөд болон баруун хэсэгт харагдсан байна.
Ерөнхийлөгчийн засаг захиргаа байрладаг парламентын ордон, Үндэсний аюулгүй байдлын улсын хороо, төрийн телевизийн барилгуудыг парламентын сонгуулийн дүнг эсэргүүцэн жагсагчид булаан авсан юм.
Үүний зэрэгцээ, Бишкек хотын төвд хэд хэдэн жагсаал нэг дор үргэлжилж байгаа бөгөөд үүнд улс төрийн янз бүрийн хүчнүүд оролцож байна. Саяхан шоронгоос сулласан Ерөнхийлөгч асан Алмазбек Атамбаевыг дэмжигчид нийслэлийн төв талбайд цуглажээ. Энд мөн парламентын гишүүн асан Садыр Жапаровыг дэмжигчид цугласан байна. Үүнээс гадна, Ерөнхийлөгч Жээнбековыг дэмжигчид болон улс төрийн бусад хүчнүүд тус улсын янз бүрийн хотуудад өөрсдийн үйл ажиллагааг явуулж байна.
Баасан гарагт Бишкект болсон мөргөлдөөний үеэр Жапаровын талынхан Атамбаевыг дэмжигчид рүү чулуу, лонх шидсэний дараа Киргизийн Ерөнхийлөгч асан болон түүнийг дэмжигчид төв талбайг орхин явцгаажээ.
Атамбаевын амь насанд халдахыг оролдсон гэж түүний ойрын хамтран зүтгэгчдийн нэг мэдээлжээ. Түүнчлэн “Ата-Мекен” намаас Ерөнхий сайдад нэр дэвшсэн, 29 настай Тилек Токтагазиев эмнэлэгт байгаа тухай мэдээлсэн байна.
Төв болон бүс нутгууд дахь байдал
Эрх мэдлийн төлөөх тэмцэл голчлон төв талбайд өрнөж байгаагийн зэрэгцээ Киргизийн нийт хүн амын 70 гаруй хувь нь амьдардаг бүс нутгуудад ч бас тайван бус байна.
Киргизийн өмнөд нутагт оршдог тус улсын хоёр дахь том хот Ошт одоогийн Ерөнхийлөгч Сооронбай Жээнбековын цөөн хэдэн дэмжигчид тав дахь өдрөө тайван жагсаал хийж байна. Тэднийг түүний Ош дахь өрсөлдөгчид нь эсэргүүцэж байгаа юм.
Киргизийн баруун нутгийн Талас мужид нутгийн оршин суугчид Жерүй алтны орд руу дайрч, ажилчдыг нь хөөн явуулж, тоног төхөөрөмж, үйлдвэрийн барилгыг нь шатаасан байна. Харин төвийн нутгийн Нарынск мужид нутгийн иргэд Кара-кече нүүрсний уурхайг булаан авчээ.
Ням гарагт Засгийн газрын ордон руу дайрснаас хойш зарим муж, хотын дарга нар огцрохоос аргагүйд хүрчээ. Албан тушаалаасаа огцорсон Ош, Бишкек хотуудын дарга үүрэгт ажилдаа буцаж орж, ажлаа үргэлжлүүлж байна. Эргэн сануулахад, Жээнбековын Засгийн газар болон тэрбээр өөрөө цар тахлын үеэр хүн амын дунд нэр хүндээ ихээхэн алдсан юм.
Олон хүмүүс эрх баригчдыг “COVID-19” өвчний дэгдэлтийн үеэр хангалттай ажиллаагүй, олон улсын хандивлагчдаас ирсэн хүмүүнлэгийн тусламжийг үргүй зарцуулсан гэж буруутгажээ. Киргиз улсад долоодугаар сарын 13-нд нэг хүнд ногдох нас баралт хамгийн дээд үзүүлэлт хүрснээс гадна, татварын төлбөр, гаалийн татварыг бууруулснаар эдийн засгийн гүн хямралд оржээ.
Эдийн засагчдын мэдээлж буйгаар, тус улс 1990-ээд онд ЗХУ задарсны дараа ийм хямралд орж байжээ. Бүгд Найрамдах Киргиз Улс дахь НҮБ-ын суурин төлөөлөгч Озонниа Ожиело тус улсын Гадаад хэргийн сайдад хандан гадаадын хөрөнгө оруулагчдыг хамгаалахыг уриалсан байна.
Тэрбээр мөн хууль эрх зүйн арга замаар зөвшилцөлд хүрэхийн тулд улс төрийн хүчнүүдийн хооронд НҮБ зуучлагчийн үүрэг гүйцэтгэхэд бэлэн байгааг ВВС-д ярилцлага өгөхдөө мэдэгджээ.