Монгол Улсын Ерөнхийлөгч Дундговь аймгийн иргэдтэй уулзалт хийв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2020-10-08 11:44:30
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга 10 дугаар сар 7-нд Дундговь аймагт ажиллаж, аймгийн удирдлагуудтай болон иргэдтэй уулзалт хийлээ. 

Иргэдтэй хийсэн уулзалт аймгийн Төв халхын дуулалт театрт болж, төрийн дууллаар эхлэн, иргэдийн асуулт, санал хүсэлтээр үргэлжилж, Ерөнхийлөгчийн тайлбар, танилцуулга, мэдээллээр өндөрлөсөн.

Тус уулзалтад Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ө.Шижир, Ерөнхийлөгчийн зөвлөх Л.Болд, Т.Тэгшжаргал, орон тооны бус зөвлөх П.Нүрзэд болон аймгийн удирдлагууд, иргэд оролцжээ.

Тус аймгийн иргэд улс орны болоод орон нутгийн хэмжээнд сэтгэлээ чилээж явдаг олон асуудлаар санал бодлоо хэлж, Ерөнхийлөгчтэй ярилцан, хүсэж байсан бүхий л асуудлууддаа хариулт авлаа.

Монгол Улсын Ерөнхийлөгч өнгөрсөн наймдугаар сард тус аймагт ажилласан бөгөөд энэ үеэр иргэдийн зүгээс тавьсан асуудлыг хөндөж, уулзалтын эхэнд шинээр барьж эхлээд олон жил зарцсан Төв халхын дуулалт жүжгийн театрын барилгын ажлын явцын талаар аймгийн Засаг дарга О.Бат-Эрдэнээс тодруулсан.

Засаг дарга О.Бат-Эрдэнэ иргэдийнхээ өмнө хариулт өгч, дараах тайлбарыг хийсэн юм. Тэрээр “Төв халхын дуулалт жүжгийн театрын барилгын ажил 2009 онд улсын төсвийн 2,0 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар эхэлж, “Суурь” ХХК ажлыг гүйцэтгэн эхний ээлжинд 700,0 сая төгрөгөөр барилгын суурийг цутгаад үргэлжлүүлэн ажиллаагүй тул хөрөнгийн маргаантай байгаа.  2018 онд Монгол Улсын Ерөнхий сайдыг Дундговь аймагт ажиллах үеэр энэ асуудлыг тавьж, хөрөнгийн асуудлыг шийдэхээр болсон хэдий ч ажил гүйцэтгэгч компани ажиллаагүй, одоо гүйцэтгэгч компанийг цуцалж, дахин тендер зарлаж, өөр компани сонгох талаар хүсэлтээ тавьсан” гэлээ.

Иргэдийн зүгээс улс орны хийгээд, аймгийн хэмжээнд дараах асуудлууд тулгамдаж байгааг хэллээ. Тухайлбал, охид, хөвгүүд залуучуудын хүмүүжил дорой болж байна, монгол зан заншил байхгүй болж байгаа, ЖДҮДС, СХС гэх мэт сангуудын асуудал болон төрийн мөнгийг шамшигдуулах асуудал их байгаа ч авсан улсууд нь шийтгүүлэлгүй өнгөрч байна, авлига дооргүй хэрээс хэтэрч байна, тус аймагт авлига, ашиг сонирхлын зөрчил их байгаа хэдий ч энэ талаар иргэд яриад л өнгөрч байна,  улс орны өр их боллоо, нутаг орноо алдах вий, бэлчээр ашиглалт хэцүү боллоо, цөөхөн малтай айлууд нүүж чадахгүй, нутагтаа байдаг, 2-3 мянган малтай нүүдэлчид ирээд хоёр гуравхан хоногт л хавь ойрынх нь бэлчээрийг чийрэлчихээд явдаг, энэ талаар хэлэх газар байхгүй, сум орон нутгийнхаа дарга нарт хэлэхээр хоорондоо тохиролц гэдэг, аймагт хийж байгаа бүтээн байгуулалтын ажлууд чанар муутай байна, төр өөрөө малчдыг өөгшүүлж, чанаргүй олон малтай болгож байна, боловсролын асуудал хүнд байна, үндэснийхээ бичиг соёлыг орхигдуулж байна, хоорондоо талцаж, намчирхаж байгаа нь хөгжилд маш их саад болж байна, ахмад, залуучууд хөгжих газар байдаггүй, залуучуудад ажлын байр байхгүй байна, иргэд хуримтлуулах биш үрэх сэтгэлгээтэй байна, Өлзийт сумын нутагт байгаа Ураны ордыг тойрсон асуудлууд, ураны хайгуул, туршилтын олборлолт хийж байгаагаас тухайн нутгийн мал, хүний биед гарч байгаа сөрөг үр нөлөө гэх мэтчилэн маш олон асуудлыг жишээ, баримттайгаар ярилаа.

Мөн дээрх асуудлуудыг шийдвэрлэхийн тулд өөрсдийнхөө саналыг хэлж, гарц, шийдлийг хайж байсан нь уулзалтын онцлог байсан. Тодруулбал, аймгуудад эмэгтэйчүүдийн зөвлөлийг орон тооны болгох, Ардын хянан шалгах хороог байгуулж, орон тоогоор ажиллуулах, төрийн мөнгийг идэж ашигласан хүмүүсийг хууль, журмын дагуу шударгаар шийтгэх, идэж шамшигдуулсан хөрөнгийг нь хураан авах, Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулахын тулд их, дээд сургуулиудыг хөдөө орон нутаг руу шилжүүлэх, тухайлбал:дуу хуурын өлгий-Дундговь гэдэг болохоор тус аймагт Урлагийн сургууль байгуулах, тус  аймагт махны чиглэлийн үйлдвэрийг бодлогын түвшинд байгуулах, Ахмадын болон залуучуудын ордонтой болгож өгөх, авлигын асуудлаар судалгаа хийх, аймгуудыг байр эзлүүлдэг байх, малын хөлийн татвартай болох, үнийн өсөлтийг төрийн бодлогоор зохицуулж өгөх, энэ жил Дундговь аймагт өвсний нөөцийг онцгой анхаарах гэх мэтчилэн олон саналыг гаргасан юм.

Уулзалтын төгсгөлд Ерөнхийлөгч Х.Баттулга дээрх асуудлуудын хүрээнд өөрийн санал бодлыг хэлж, эдгээр асуудлыг төрөөс хэрхэн зохицуулж, бодлогоо чиглүүлж байгаа болон цаашид ямар бодлогыг хэрэгжүүлэх талаар хүн бүрийн хэлсэн, гаргасан санал бүр дээр тогтон ярьж мэдээлэл өгсөн юм. 

相关新闻