ДХБ: Дэлхийн худалдаа 9.2 хувиар буурах төлөвтэй байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
khulan@montsame.gov.mn
2020-10-07 15:11:16

ЖЕНЕВ. /Reuters/. Дэлхийн худалдаа энэ онд 9.2 хувиар буурч, ирэх онд 7.2 хувиар өсөх төлөвтэй байна гэж Дэлхийн худалдааны байгууллагаас /ДХБ/ мягмар гарагт танилцуулсан урьдчилан таамаглалд тэмдэглэжээ.


ДХБ цар тахлын улмаас эдийн засгийн хэвийн үйл ажиллагаа тасалдсантай холбоотойгоор дэлхийн худалдаа 2020 онд 13-32 хувиар буурна хэмээн энэ оны дөрөвдүгээр сард таамагласан юм.


“Дэлхийн худалдаа “COVID-19”-өөс үүдэлтэй хямралаас эргэн сэргэх хандлага үзүүлж байна” гэж ДХБ-ын эдийн засагчид мягмар гарагт болсон хэвлэлийн бага хурлын үеэр хэлээд, энэ оны 6, 7 дугаар сарын өсөлтийг онцолжээ.


Гэсэн хэдий ч ДХБ цар тахлаас үүдэлтэй үр дагавруудыг харгалзан үзэж, ирэх оны урьдчилсан таамаглалыг өмнөхөөсөө бууруулсан байна. Урьд нь дэлхийн худалдааг 2021 онд 21.3 хувиар өснө хэмээн таамаглаж байжээ.


Мөн “COVID-19” халдвар тархсан хэвээр байвал урьдчилсан таамаглалыг дахин бууруулж болзошгүйг дурдсан байна.

相关新闻