"Газпром" Хятад руу хий нийлүүлэх хоёр шинэ маршрут байгуулах боломжийг судалсаар байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
Jargal.d@montsame.mn
2020-10-07 11:49:16

МОСКВА. /TASS/. ОХУ-ын "Газпром" компани БНХАУ руу хий дамжуулах хоёр шинэ хоолой тавих хэлэлцээг үргэлжлүүлж байна. Эдгээрийн нэг нь Монгол Улсын нутгаар, нөгөө нь Орос-Хятадын хилийн баруун хэсгээр дайрах юм гэж тус компанийн бондын танилцуулгад дурджээ.


“Бид мөн ОХУ, БНХАУ-ын хилийн баруун хэсгийг дайран өнгөрөх ёстой баруун чиглэлээр байгалийн хий нийлүүлэх талаар Хятадын үндэсний нефть-хийн корпорацтай /CNPC/ хэлэлцэж байна. 2015 онд бид CNPC-тай Хятад руу баруун чиглэлээр хий нийлүүлэх тухай гэрээнд гарын үсэг зурсан бөгөөд үүнд нийлүүлэлтийн хэмжээ, гэрээний хугацаа (30 жилийн хугацаанд жил бүр 30 тэрбум шоо метр хүртэл), урьдчилан тохиролцсон нийлүүлэлтийн цэг болон цаашид хий нийлүүлэх гэрээний бусад гол нөхцөлүүдийг тодорхойлсон. Гэрээний бусад нөхцөлүүдийн талаар бид үргэлжлүүлэн зөвшилцөж байна" гэж дээрх баримт бичигт дурдсан байна.


Үүнээс гадна, Оросын хийг Монголын нутгаар дамжуулан Хятадад нийлүүлэх боломжид хамтарсан үнэлгээ хийх тухай санамж бичгийг Монгол Улстай 2019 оны 12 дугаар сард байгуулсныг онцлон тэмдэглэжээ. 


“2020 оны наймдугаар сард бид мөн хөрөнгө оруулалтын өмнөх үнэлгээ хийх тусгай зориулалтын компани байгуулах санамж бичгийг Монгол Улстай байгуулсан. Монголоор дайруулан БНХАУ руу хий нийлүүлэх хүчин чадал жилд 50 тэрбум шоо метрт хүрч магадгүй” гэж танилцуулгад дурдсан байна.


Одоогийн байдлаар "Газпром" компани “Сибирийн хүч” хий дамжуулах хоолойгоор Хятад руу хий нийлүүлж байгаа юм. Уг хоолойг 2019 оны 12 дугаар сарын эхээр ашиглалтад оруулжээ. Тус компани 2020 онд Хятадад 5 тэрбум шоо метр, 2021 онд 10 тэрбум, 2022 онд 15 тэрбум шоо метр хүртэл хий нийлүүлэхээр төлөвлөсөн бөгөөд төслийн хүчин чадлыг 2025 он гэхэд 38 тэрбум шоо метрт хүргэхийг зорьж байгаа аж. Мөн "Сибирийн хүч" хий дамжуулах хоолойн нэвтрүүлэх хүчин чадлыг жилд 44 тэрбум шоо метрт хүргэж нэмэгдүүлэх асуудлыг хэлэлцэж буйг онцлон тэмдэглэжээ. 



相关新闻