Сургуульгүй хороо 648 хүүхдийн шинэ сургуультай боллоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
boloroo8136@gmail.com
2020-09-25 13:46:32

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Чингэлтэй дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт Япон Улсын Засгийн газрын буцалтгүй тусламжаар149 дүгээр сургуулийг ашиглалтад орууллаа.

 

Урьд жилүүдэд тус хорооны нутаг дэвсгэрт сургууль байгаагүй. Нэг ээлжиндээ 648 хүүхдийн суудал бүхий шинэ сургуультай болсноор сургуулийн насны 2700 гаруй хүүхэдтэй тус хорооны хүүхдүүд харьяаллын дагуу 149 дүгээр сургуульд сурч эхэллээ.

 

Анхны хичээлийн жилээ 665 сурагч, 65 багш, ажилчинтай эхлүүлж буй бөгөөд сурагчдын 80 орчим хувь нь Баянгол дүүргийн “Сэтгэмж”, бусад нь Сонгинохайрхан дүүргийн 129, 105 зэрэг сургуулиас шилжин иржээ.

 

Сурагч, багш, сурган хүмүүжүүлэгчид, барилгачид, эцэг эхчүүдийн төлөөлөл оролцсон шинэ сургуулийн нээлтэд УИХ-ын гишүүн М.Оюунчимэг, Ж.Сүхбаатар, Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Цэдэвсүрэн, Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Кобаяши Хироюки, Нийслэлийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан нарын албаны хүмүүс уригдаж, баяр хүргэлээ.

 

БШУ-ы сайд Л.Цэдэвсүрэн хэлсэн үгэндээ, “Япон Улсын Засгийн газрын буцалтгүй тусламжаар барьсан энэ барилга олон улсын стандартын шаардлага хангасан, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сурч боловсрох жишиг орчныг бүрдүүлсэн гэдгээрээ онцлог. Мөн бүх анги танхим, лабораторийн техник, тоног төхөөрөмж, тавилгыг хамтад нь шийдэж өгсөн” гэдгийг онцлон тэмдэглэлээ.

Нээлтийн үеэр тус сургуулийн сурагчдын сэтгэгдлийг хүргэж байна.

12 дугаар ангийн М.Анужин: Би хуучин 50 дугаар сургуульд сурч байгаад энэ хичээлийн жилээс шинэ сургуульд шилжиж суралцсан. Хуучин сургууль руугаа 30-45 минутад очдог байсан бол одоо 15 минутын дотор хичээлдээ ирж байна.

Нэгдүгээр ангийн сурагч Я.Маргад: Ийм гоё сургуультай болгож өгсөн ах, эгч нартаа маш их баярлалаа, Аав, ээжийнхээ ачийг хариулахын тулд би энэ гоё сургуульдаа маш их онц сурна аа”.


相关新闻