Сураггүй болсон Өмнөд Солонгосын иргэнийг Умард Солонгост буудан хөнөөжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
СӨҮЛ. /Yonhap/. БНАСАУ-ын хилээс холгүй алга болсон БНСУ-ын Далай, загас агнуурын яамны харьяа загас агнуурын хяналтын газрын ажилтныг БНАСАУ-д буудаж хөнөөж, цогцсыг нь шатаасан гэж тус улсын Үндэсний батлан хамгаалах яам мэдэгджээ.
“Манай цэргийнхэн энэ харгис үйлдлийг эрс буруушааж байгаа бөгөөд тайлбар өгч, буруутай хүмүүст хариуцлага хүлээлгэхийг уриалж байна" гэж БНСУ-ын Батлан хамгаалах яам мэдэгдсэн байна. Тус яамныхан мөн БНСУ-ын иргэн БНАСАУ рууу дүрвэн гарах гэж байгаад амиа алдсан гэж үзэж байгаа аж.
Өмнөд Солонгосын уг иргэн өнгөрсөн даваа гарагт хоёр Солонгосыг заагладаг далайн хилийн шугамаас урагш 10 км зайд моторт завиар шалгалт хийж байхдаа алга болжээ. Хамт ажилладаг хүмүүс нь тэр өдрөө түүнийг алга болсныг эргийн хамгаалалтад мэдэгдэж, тэнгисийн болон агаарын техникийг оролцуулан эрлийн ажлыг эхлүүлсэн байна. Цэргийн тагнуулын мэдээлснээр, түүний цогцос мягмар гарагт БНАСАУ-ын нутаг дэвсгэрт хамаарах уснаас олдсон байна. Хэрэг явдал Бага Ёнпхён арлын ойролцоо болжээ.