Ууган цэцэрлэг шинэ барилга хүлээн авлаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Дундговь /МОНЦАМЭ/. Дундговь аймгийн Сайнцагаан сумын нэгдүгээр цэцэрлэгийн 150
хүүхэд хүлээн авах хүчин чадал бүхий шинэ барилга ашиглалтад орлоо.
Тус цэцэрлэг 1958 онд байгуулагдсан Дундговь аймгийн хамгийн
анхны цэцэрлэг бөгөөд ашиглалтын хугацаа дуусч, буулган шинээр барьж, 62 жилийн
дараа ийнхүү шинэ барилга хүлээн авлаа.
Өмнө нь дөрвөн бүлэгт 100 хүүхэд хүлээн авдаг, 19 багш ажилтантай байсан бол одоо зургаан
бүлэгт 200 гаруй хүүхэд хүлээн авч, 24 багш, ажилчид ажиллаж байна.
Тус цэцэрлэгийн барилга нь орчин үеийн шаардлагад
нийцсэн, хүүхдийн сурч хөгжих таатай бүхий л орчныг бүрдүүлж чадсанаараа
онцлогтой.
Тодруулбал, тус барилга сүүлийн үеийн магистрал шугамтай
бөгөөд тус аймагт дулааны станц ашиглалтад ороход шууд холбогдох боломжтой, интернэтийн
шилэн кабельд холбогдсон, өрөө тус бүрт утаа мэдрэгч болон зарлан мэдээллийн
дохио байрлуулсан, анги бүлэг бүрт аюулгүй ажиллагааг хянах боломжтой камер
суурилуулж, хүүхдийн хөгжих хэрэгцээг хангасан урлаг болон спорт заалтай, анги
бүлгүүдэд хүүхэд тоглох өрөөнөөс гадна унтлагын өрөөтэй ажээ.


