“Гоё ирээдүй” төслийг хэрэгжүүлж эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2020-09-21 16:21:45

Өмнөговь /МОНЦАМЭ/ Өмнөговь аймагт хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд зориулсан “Гоё ирээдүй” төслийг хэрэгжүүлж эхэллээ.

Аймгийн Засаг даргын үйл ажиллагааны “Бид хамтдаа” хөтөлбөрийн хүрээнд Боловсролын салбарт дөрвөн дэд хөтөлбөр амжилттай хэрэгжиж байна. Түүний нэг нь “Хүүхэд хөгжлийн түлхүүр” хөтөлбөр юм. Энэхүү хөтөлбөрт Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг боловсролд хамруулах ажлыг тусган хэрэгжүүлж байгаа билээ. Хөтөлбөрийн санхүүжилтээр Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжлийн түвшинд үнэлгээ хийх, тэднийг хөгжүүлэх боломж, нөхцөлийг сайжруулах зорилгоор “Гоё ирээдүй” төслийг хэрэгжүүлж эхэллээ. Тус төслийг “Цовоо хөөрхөн дэгдээхэй” ТББ, Хүслийн өргөө төвөөр дамжуулан хэрэгжүүлж байна. Төсөл нь “Хүүхдийн хөгжилд үзүүлэх дэмжлэг, анхаарах асуудал” сургалтаар эхэлж байгаа бөгөөд сургалтыг “Сүжеташанд” ТББ-ын гүйцэтгэх захирал Такахаши Кимико сурган хүмүүжүүлэгч багш зохион байгуулж, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эцэг эхийг хамруулаад байна. Тус аймаг 2017 оноос ерөнхий боловсролын сургуулийн нэг, цэцэрлэгийн нэг тусгай ангийг нээсэн бөгөөд нийтдээ 25 хүүхэд сурч байгаа юм. Уг төслөөр дамжуулан цаашдаа тусгай ангийн хүүхдүүдийн сурах боломжийг судлах бөгөөд мөн гэрээр нь очиж эцэг эхчүүдэд нь хэрхэн асрах, сувилах зэрэг арга техникийг зааж өгөх ажээ.

相关新闻