Израилын сургуулиудыг есдүгээр сарын 17-ноос хаана

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
Jargal.d@montsame.mn
2020-09-16 16:37:47

ТЕЛЬ-АВИВ. /TASS/. Израилын Засгийн газар коронавирусний халдвар тархахаас урьдчилан сэргийлэх үүднээс есдүгээр сарын 17-ноос эхлэн сургуулиудын хичээлийг түр зогсоох шийдвэр гаргажээ.


“Халдвар авсан хүмүүсийн тоо мэдэгдэхүйц нэмэгдэж байгаатай холбогдуулан ирэх пүрэв гаргаас сургууль, цэцэрлэг, яслийг оруулаад боловсролын байгууллагуудыг хаах тухай Эрүүл мэндийн яам болон коронавирустэй тэмцэх ажлын зохицуулагч, профессор Рони Гамзугийн зөвлөмжийг Засгийн газар баталлаа” гэж Израилын сайд нарын танхимын хэвлэлийн алба мэдээлсэн байна. Санал хураалтыг утсаар явуулжээ. Рони Гамзу халдвар цаашид тархахаас урьдчилан сэргийлэхийн тулд сургуулиудын хичээлийг түр зогсоох зөвлөмж бүхий захидлыг мягмар гарагт Израилын Эрүүл мэндийн болон Боловсролын сайд нарт хүргүүлсэн байна.


Сүүлийн 24 цагийн хугацаанд Израилд коронавирусний халдварын 5000 гаруй шинэ тохиолдол илэрч, халдвар авсан нийт хүний тоо 170 мянгад дөхжээ. Халдварын тархалтыг хязгаарлахын тулд тус улсын Засгийн газар хорио цээрийн хатуу арга хэмжээг есдүгээр сарын 18-наас эхлэн гурван долоо хоногийн хугацаатай сэргээхээр шийдвэрийг ням гарагт гаргасан билээ.  


相关新闻