Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох нь ихсэж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬӨмнөговь аймагт 2016 оны эхний 5 сарын байдлаар 244 иргэн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасагт саатуулагдсан байна. Сүүлийн өдрүүдэд буюу дулааны улирал эхэлсэнтэй холбоотойгоор иргэд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох нь өсчээ.
“Тээврийн хэрэгсэлтэй аймгийн төвөөс гарч архидан согтуурах үзэгдэл ихсэж байна. Хамт олноороо, найз нөхдөөрөө нийлж шоудах байдал олноор гарч байгаа. Энэ байдалтай манай зүгээс тэмцэж өдөр бүр аймгаас гадуур эргүүлд гардаг болсон” гэж аймгийн Цагдаагийн газрын замын цагдаагийн тасгийн ахлах зохицуулагч, Цагдаагийн ахмад О.Чулуунбаатар ярьсан юм.
Ялангуяа амралтын өдрүүдээр тээврийн хэрэгсэлтэй архидан согтуурах үзэгдэл ихсэж байгааг тэрээр онцоллоо. Мөн аймгийн хэмжээнд гарч байгаа зам тээврийн ослын 40 хувь нь согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсны улмаас үйлдэгдсэн байдаг байна. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад бусдын эд хөрөнгө, амь насанд хохирол учруулахаас гадна өөрийнхөө амийг ч хөнөөх явдал гардаг гэдгийг Замын цагдаагийн тасгийнхан хэлж байлаа. Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийг өнгөрсөн онд шинэчилснээр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон тохиолдолд 384 мянган төгрөгөөр торгуулах, 6 сараас 2 жилийн хугацаатайгаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нь хасдаг болсон. Харин давтан үйлдсэн үед 30 хүртлэх хоногоор баривчлах, тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 3 жилээр хасах хүртэл арга хэмжээ авдаг байна.
Замын цагдаагийн тасгийнхан өнгөрсөн онд 166 удаа давхардсан тоогоор 4 мянган хүнд хүрч хууль сурталчлах сургалтын ажлаа хийсэн аж. Мөн мэдээллийн бүх л сувгаар шинэчилсэн хуулиа иргэдэд хүргэжээ. Гэвч иргэд үүнийг ухамсарлахгүй байгааг цагдаагийнхан хэлж байна.
Өмнөговь аймаг Д.Мишигсүрэн