Зээлийн хэлэлцээрүүдийг зөвшилцөхийг дэмжлээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨРУИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар өнөөдөр 5 асуудал хэлэлцэн, шийдвэрлэлээ.
Хуралдааны эхэнд “Тогтоолуудад өөрчлөлт оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Энэхүү тогтоолын төслийг малын гаралтай түүхий эдийн үйлдвэрлэл, бэлтгэн нийлүүлсэн малчид, мал бүхий этгээдэд төрөөс мөнгөн урамшуулал олгохтой холбоотой УИХ-ын 2 удаагийн тогтоолд өөрчлөлт оруулахаар боловсруулсан юм. Тогтоолын төсөлтэй холбогдуулан асуулт асуух гишүүн байгаагүй бөгөөд УИХ-ын гишүүн А.Тлейхан тогтоолын төслийг анхны хэлэлцүүлгээр нь батлах горимын санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи дэмжин чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтлоо.
Дараа нь Стандартчилал, техникийн зохицуулалт, итгэмжлэлийн тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэв. Хуулийн төслийн талаар Засгийн газрын гишүүн, Шадар сайд Ц.Оюунбаатар танилцууллаа. Уг хуулийн төслийг боловсруулахдаа Монгол Улсад мөрдөх стандарт, техникийн баримт бичгийг зөвлөмжийн хэлбэрээр, сайн дурын үндсэн дээр хэрэглэх, тэдгээрийг боловсруулах, хүлээн зөвшөөрч батлах бүхий л үйл явцад нээлттэй, ил тод оролцооны тэгш байдлыг хангах, улмаар үйлдвэрлэл, худалдаа, тохирлын үнэлгээний хүрээнд түүнийг иш татах, сонгон хэрэглэх замаар мөрдүүлдэг олон улсын нийтлэг жишигт шилжихээр тусгажээ. Хуулийн төсөлтэй холбогдуулан асуулт асууж, санал хэлэх гишүүн гараагүй бөгөөд хуралдаанд оролцсон гишүүдийн олонхийн саналаар хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжлээ.
Үүний дараа Хэмжил зүйн тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг мөн хэлэлцлээ. Хэмжил зүйн тухай хуулийн төслийг практик тулгарч байгаа бодит шаардлага, хуулийг хэрэгжүүлж ажилласан туршлага, “MNS OIML D1:2013” үндэсний стандартад үндэслэн боловсруулжээ. Аль ч улс орны хэмжил зүйн хууль тогтоомжийн үндэс нь тухайн улсад хэмжлийн нэгжийн ямар системийг хэрэглэхийг тогтооход орших бөгөөд Монгол Улс дэлхийн 200 орчим улс оронд мөрдөж байгаа Хэмжлийн нэгжийн олон улсын систем (SI)-ийг Сайд нарын зөвлөлийн /хуучин нэрээр/ 1979 оны 414 дүгээр тогтоолоор 1981 оны 1 дүгээр сарын 1-нээс, Хэмжлийн нэгдмэл байдлыг хангах тухай хуулийн 3 дугаар зүйлийн дагуу 1995 оны 4 дүгээр сарын 1-нээс эхлэн хэрэглэж ирсэн бөгөөд нэгжийн энэхүү системийг цаашид ч үргэлжлүүлэн мөрдөхөөр хуулийн төсөлд тусгасан байна. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан асуулт асууж, санал хэлэх гишүүн мөн байгаагүй тул санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи хэлэлцэх нь зүйтэй гэж үзлээ.
Мөн хуралдаанаар Монгол Улсын Засгийн газар, Дэлхийн банкны Олон улсын хөгжлийн ассоциаци хооронд байгуулах “Экспортыг дэмжих төсөл”-ийн Санхүүжилтийн хэлэлцээрийн төслийг зөвшилцлөө. Монгол Улсын Засгийн газар, Дэлхийн банкны Олон улсын хөгжлийн ассоциацитай хамтран хэрэгжүүлэх “Экспортыг дэмжих төсөл” нь Монгол Улсын хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдийн экспортын чадавхийг бэхжүүлж, гадаад зах зээлд нэвтрэх боломжийг нэмэгдүүлэх зорилготой юм байна. Жижиг, дунд үйлдвэрлэлийн санхүүжилт, санхүүгийн зах зээл, дотоодын болон олон улсын худалдаа, аж үйлдвэрийн салбаруудыг хамрах энэхүү төслийн нийт санхүүжилтийн хэмжээ 20 сая ам.доллар юм байна. Хүүгийн хэмжээ 1.25 хувь, эргэн төлөгдөх хугацаа 25 жил бөгөөд төлбөрөөс чөлөөлөгдөх хугацаа 5 жил юм байна. Төслийг хэрэгжүүлснээр Монгол Улсын хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдийн бүтээгдэхүүн үйлчилгээний өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, гадаад зах зээлд экспортлоход шаардлагатай мэдлэг, ур чадвар олгох, туршлага судлах, экспортын даатгал гэх мэт санхүүгийн шинэ бүтээгдэхүүнийг бий болгох, санхүүгийн дэмжлэг үзүүлэхээс гадна тодорхой зорилтот зах зээлүүдэд нэвтрэх боломжийг нээх юм байна.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан асууж, санал хэлэх гишүүн гараагүй бөгөөд хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи хэлэлцээрийн төслийг зөвшилцөхийг дэмжсэн учир Байнгын хорооны санал дүгнэлтийг Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд хүргүүлэхээр тогтлоо.
Мөн өнөөдөр Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Австри Улсын Засгийн газар хооронд байгуулах Санхүүгийн хамтын ажиллагааны ерөнхий хэлэлцээрийн төслийг зөвшилцөв. Монгол Улсын Засгийн газар, Бүгд найрамдах Австри Улсын Засгийн газар хоорондын 40 сая еврогийн Санхүүгийн хамтын ажиллагааны хэлэлцээрийг 2016 онд байгуулж, нийт 6 төслийг амжилттай хэрэгжүүлээд байгаа аж. Санхүүгийн хамтын ажиллагааны хэлэлцээр амжилттай хэрэгжсэн туршлага дээр үндэслэн австрийн хөнгөлттэй зээлийн санхүүжилтээр тус улсын техник, технологийг нэвтрүүлэх сонирхолтой төслийн хэрэгцээ, шаардлага их байгааг харгалзан 40 сая еврогийн шинэ “Санхүүгийн хамтын ажиллагааны хэлэлцээр” байгуулахаар хэлэлцээрийн төслийг тохиролцжээ. Зээлийн хүү 0 хувь, зээлийн хугацаа 18 жил, зээлийн үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх хугацаа 5 жил юм байна. Уг зээлийн хэлэлцээрийг мөн байнгын хороо дэмжиж, санал, дүгнэлтийг Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд хүргүүлэхээр тогтов.
Үүний дараа “Mонгол Улсын эдийн засаг, нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийн хэлэлцэх эсэх асуудлыг мөн хуралдаанаар хэлэлцэв. Энэ төсөл нь Макро эдийн засгийн бодлого, Эдийн засгийн өсөлтийг дэмжих салбаруудын бодлого, Бүс нутаг, хөдөөгийн хөгжил, байгаль орчны бодлого, Хүний хөгжил, нийгмийг хөгжүүлэх бодлого, Засаглал, эрх зүйн шинэчлэл, гадаад бодлого, батлан хамгаалах салбарын бодлого гэсэн нийт 5 бүлэг, 20 зорилтын 116 бодлогын арга хэмжээтэй бөгөөд зорилт, арга хэмжээ бүрийн шалгуур үзүүлэлт, хүрэх түвшин, шаардагдах санхүүжилт, хөрөнгийн эх үүсвэр, бусад хөтөлбөр, бодлогын баримт бичгүүдтэй уялдсан байдал, хариуцан хэрэгжүүлэх яам, байгууллагыг мөн тусгажээ.
Макро эдийн засгийн бодлогын хүрээнд 2017 онд эдийн засгийн тогтвортой байдлыг хангаж, дэлхийн зах зээл дээр түүхий эдийн үнэ буураад байгаа энэ үед эдийн засгийн эерэг өсөлтийг хадгалах, инфляцийн түвшинг 5-7 хувьд байлгах, ажил эрхлэлтийг нэмэгдүүлэх замаар ажилгүйдлийн түвшинг бууруулж, 6.9 хувьд хүргэх, нэгдсэн төсвийн тэнцлийн ДНБ-д эзлэх хувийг 0.0 хувьд байлгах, төлбөрийн тэнцлийн урсгал дансны алдагдлыг бууруулж, гадаад валютын нөөцийг нэмэгдүүлэхээр төлөвлөснийг танилцуулгад дурдав. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн А.Тлейхан асуулт асууж, хариулт авсаны дараа тогтоолын төслийг хэлэлцэх эсэх асуудлаар санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи хэлэлцэхийг дэмжсэн юм.
Мөн өнөөдөр Худалдааны тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, Дэмпингийн тухай болон холбогдох хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжлээ.
Н.Гантуяа
Гэрэл зургийг Т.Чимгээ