Гоцлол болон цөөхүүл хөгжимчдийн бүсийн анхдугаар уралдаан Алтай хотноо болно
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
Говь-Алтай /МОНЦАМЭ/. Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн Ш.Аюушийн нэрэмжит гоцлол болон цөөхүүл хөгжимчдийн бүсийн анхдугаар уралдаан Алтай хотноо ирэх сарын 2, 3-нд болно.
Тодруулбал, Говь-Алтай аймгийн ЗДТГ, Төрийн хошой шагналт Ч.Лодойдамбын нэрэмжит Ардын дуу бүжгийн "Алтай" чуулгын уран бүтээлчид хамтран зохион байгуулах бөгөөд Говь-Алтай, Баянхонгор, Завхан, Ховд, Баян-Өлгий аймгийн ХДТ-ын хөгжимчид оролцох юм.
Тус уралдаан нь ардын хөгжмийн урын санг баяжуулах, соёлын биет бус өвийг түгээн дэлгэрүүлэх, хадгалж хамгаалах, мэргэжлийн хөгжимчдийн ур чадвар, гүйцэтгэл, тоглох техникийг дээшлүүлэх, ардын хөгжмийн үүсэл хөгжил, хөгжимдөх арга барилын талаар харилцан туршлага солилцох, Монголын хөгжмийн зохиолчдын болон Ш.Аюушийн бүтээлүүдийг алдаршуулж гоцлол болон цөөхүүл хөгжмийн бүтээлүүдийг сурталчлан таниулах зорилготой ажээ.
Уралдаанд оролцох цөөхүүл хөгжимчид хоёр бүтээлээр оролцох бөгөөд Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн Ш.Аюушийн “Долдой зээрд” бүтээлийг заавал тоглохоороо онцлогтой юм.