“Mulan” киноны зураг авалтыг Шинжаанд хийснийг шүүмжилжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
ВАШИНГТОН. /NZHerald/.
Америкийн “Disney” компани “Mulan” хүүхэлдэйн киноны уран сайхны хувилбарын зураг
авалтыг уйгурчууд болон бусад лалын шашинт цөөнхүүдийн эрх зөрчигдөж байгаа
гэгддэг Шинжаанд хийсэн нь олон нийтийн шүүмжлэлд өртжээ.
Шинэ Зеландын
найруулагч Ники Карогийн бүтээсэн “Mulan” киноны гол дүр болох Муланы дүрийг бүтээсэн Лю Ифэй өмнө нь Хонконгийн ардчиллыг
дэмжигч жагсагчдын эсрэг хүч хэрэглэсэн цагдаа нарыг дэмжсэн нь мөн л олны шүүмжлэлийг
дагуулж байсан юм.
“Mulan” кино өнгөрсөн долоо хоног нээлтээ
хийсний дараа үзэгчид “Disney” компани Шинжааны Засгийн газарт болон тус бүс нутгийн Турпан хотын
нийгмийн аюулгүй байдлын товчоонд талархал илэрхийлсэн байсныг анзаарчээ. Шинжааны
зүүн хэсэгт оршдог Турпан хотод хэд хэдэн сургалтын хуаран байрладаг аж.
БНХАУ нь Шинжаан
дахь лалын шашинт үндэсний цөөнхүүдэд хэрхэн хандаж байгаагийнхаа улмаас олон
улсын хараанд өртөөд байгаа бөгөөд Шинжаанд нэг сая орчим оршин суугч хуарангуудад
саатуулагдсан гэх тооцоо байдаг байна. “Disney” компанийн Шинэ Зеланд дахь салбараас дээрх
асуудлаар тодруулга хүсэхэд хариулт өгөөгүй байна.