Бэлчээрийн даац хэтэрсэн сумууд өвс тэжээлээ эртнээс бэлдэх хэрэгтэй гэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2020-09-07 18:30:39

Завхан /МОНЦАМЭ/. Тус аймгийн 2020-2021 оны өвөл, хаврын бэлчээрийн даацыг тодорхойлж, зарим сумдыг өвс тэжээл хангалттай нөөцлөх, бэлчээрийг сэлгэх, өнжөөх арга хэмжээ авахыг мэргэжлийн байгууллагуудаас зөвлөж байна.

Монгол улсын Засгийн газрын 286 дугаар тогтоолын дагуу Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнд 2020-2021 оны өвөл, хаврын бэлчээрийн даацыг баг бүрийн бэлчээрийн ургац, малын тоо, бэлчээрийн талбайн хэмжээ, бэлчээр ашиглах хугацаа зэрэг мэдээлэл дээр үндэслэн багийн нутгаар тооцоолж гаргажээ.

Завхан аймгийн хувьд энэ оны наймдугаар сарын 20-ны байдлаар нийт нутгийн 50 гаруй хувьд хэвийн сайн, 30 орчим хувьд дунд зэрэг, 20 хувьд муу гэсэн үнэлгээтэй байна. Бэлчээрийн даацыг тооцоолж гаргасан дүнгээс үзвэл тус аймгийн нийт нутгийн 32.5-50 хүртэлх хувь  нь бэлчээрийн нөөцтэй, 18.1-51 хувь нь бэлчээр хүрэлцээтэй. Харин 25.0 хувь нь бэлчээрийн даац нэгээс гурав дахин хэтэрсэн. Бэлчээрийн даац гурваас тав дахин хэтэрсэн газар нутаг 6.1 хувь, 18.3 хувь нь бэлчээрийн даац олон дахин хэтэрсэн байна. Зуншлага сайн байсан нутгаар даац хэтэрч гарсан нь малын тоо их байгаатай холбоотой. Зуншлага сайн байсан ч зарим нутагт нэг наст болон хөл газрын ургамал түрж ургасан байна. Ургамал тачир сийрэг байгаагаас нэгжийн ургац муу, зуншлага оройтсон газраар ургамлын бүтээмж гүйцээгүй байгаа нь даац хэтэрч гарах шалтгаан болсон гэж аймгийн Ус цаг уур орчны шинжилгээний газраас мэдээлэв.

Бэлчээрийн даац хэтэрсэн 12 сум байна

Өвөл, хаврын бэлчээрийн даац ихээхэн хэтэрч гарсан сум, багууд өвс хадлангаа нэмж бэлтгэх, нэмэгдэл тэжээл нөөцлөх, отор нүүдэл хийх, малынхаа тоог бууруулах ажилд эртнээс анхаарч, мал өвөлжилт хаваржилтад одоогоос эхлэн бэлтгэх нь зүйтэй хэмээн сануулж байна.

Тухайлбал бэлчээрийн даац нэгээс гурав дахин хэтэрсэн Эрдэнэхайрханы Багануур, Хайрхан, Алтан, Нөмрөгийн Нуур, Түдэвтэйн Ойгон, Баян-Цагаан, Сонгины Шар нуруу, Баян-Айраг багууд. Мөн Тэс сумын Нисэх, Тосонцэнгэлийн Идэр, Их-Уулын Хонгор, Идэрийн Загастай, Алдархааны Мандаат багууд анхаарах хэрэгтэй. Түүнчлэн Цагаанчулуутын Дэлгэр, Арц, Цагаанхайрханы Баянбулаг, Завханмандалын Нуга, Ургамлын Хүнгүй багууд дээрх анхааруулгыг эртнээс ажил хэрэг болгох шаардлагатай байна.

Мөн бэлчээрийн даац гурваас тав дахин хэтэрсэн Тэсийн Баян-Уул, Зүр, Цэцэн-Уулын Жаргалант, Эрдэнэхайрханы Баянзүрх, Мөсөн, Дөрвөлжингийн Цогт, Их-Уулын Цэцүүх, Цагаанчулуутын Жавцаг багууд. Бэлчээрийн даац олон дахин хэтэрсэн Дөрвөлжин сумын Буга, Улиастай сумын Өлзийт, Тосонцэнгэл сумын Баян-Улаан, гэхчлэн 12 сумын 14 багийн тухайд маш их бэлтгэлтэй өвөл, хаврыг давах нь чухал юм хэмээн аймгийн Ус цаг уур орчны шинжилгээний газраас нэмж дуулгалаа. 

相关新闻