Ч.Амгалан: Ургацын болц алаг цоог байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2020-09-07 13:19:59

Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын дарга Ч.Амгалантай уулзаж ярилцлаа.


- Намрын ургац хураалтын урьдчилсан төлөв гарлаа. Энэ жилийн хүн амын хүнсний хангамж ямар байх нь вэ?

- Булган аймгийн газрын нэгдмэл санд 119788 га тариалангийн талбай бүртгэлтэй байдаг. Түүнээс 97254 га талбайг эзэмшиж, тариалангийн талбай ашиглалт 91,4 хувьтай байна. Жилдээ 100 аж ахуйн нэгж, 80-аад иргэн үр тариа, 511 өрх төмс, хүнсний ногоо тариалж, аймгийн хүн амын гурил, төмсний хэрэгцээ бүрэн, хүнсний ногооныхыг 20,8 хувиар хангаж байна.

           Аймгийн хэмжээнд 42000 га-д үр тариа, үүнээс буудай 41000, малын тэжээл 850, тосны ургамал 4200, төмс 353, хүнсний ногоо 131 га-д тариалж, буудай 53300, малын тэжээл 1700, тосны ургамал 2500, төмс 4240, хүнсний ногоо 1567 тонн хураан авч 42500 га-д уринш бэлтгэхээр ХХААХҮ-ийн сайдтай гэрээ байгуулсан.

 “Хүнсээ бэлтгэх нь бүх нийтийн үйлс” аян болон “Өрх бүр хүнсээ бэлтгэе” уриалгыг дэмжиж, дээрх зорилтыг хангах хүрээнд аймгийн Засаг даргын албан даалгавар гаргаж, хэрэгжилтийг ханган ажиллаж байна.         

 Энэ онд нийт 46640,6 га-д тариалалт хийснээс үр тариа 38295 га талбайд, үүнээс буудай 37380,5, бусад үр тариа 915,  ногоон тэжээл 3000, тосны ургамал 4987, төмс 552,5, хүнсний ногоо 156,69 га-д тариалсан.

Тариалалтын төлөвлөгөөний хувьд үр тариа 90,1, төмс 156,5, хүнсний ногоо 119,6 хувиар биелүүлсэн байна. Тэжээлийн ургамал,төмс, хүнсний ногооны тариалалт өмнөх оноос нэмэгдсэн. Хаврын тарих үрийн олдоц, хөрсний чийгийн байдлыг харгалзан 4987 га талбайд тосны ургамлын тариалалт хийсэн байгаа. Энэ нь нийт тариалсан талбайн 10,6 хувийг эзэлж байна.

Тариалалтын чанарыг соёололтоор дүгнэхэд 2,68 хувь нь онц, 91,2  хувь нь сайн, 2,52 хувь нь дунд үнэлэгдсэн.

 Хаврын нөөц чийгийн хэмжээ болон орж буй хур тунадас газар тариалангийн бүс нутагт харилцан адилгүй байсан нь тариалах технологи, хугацаанд нөлөөлж, таримлын хөгжлийн үе шат арай хожуу явагдаж, одоогоор 70-80 хувь нь аарцан болцондоо шилжих шатандаа байна. Ургацын урьдчилсан балансаар буудай 50187, бусад үр тариа 1172, төмс 5256, хүнсний ногоо 2000 тонныг хураан авах тооцоотой байна.

- Энэ намар 50,0 гаруй мянган тонн үр тариа хураахаар урьдчилсан баланс гарчээ. Нэгж талбайгаас 13,4 центнер ургац авах тооцоо байна. Үр тарианы болц ямар байна гэж үзэж байна вэ?

 - Хураан авах ургацын болц сүүн болцын төгсгөл, аарцан болцондоо байгаа ч алагдуу байна. Энэ сарын 10-15 хүртэл цаг агаар тогтуун байвал  боломжийн ургац хураан авна гэж үзэж байна.

Цаг агаарын нөхцөлөөс хамааран үр тарианы ургац ногоон тэжээлд шилжих хэмжээ  нэмэгдэж магадгүй байна.  

         Хаврын цаг уурын нөхцөлтэй уялдуулан хөрсний үржил шимийг нэмэгдүүлэх, тогтвортой ургацыг бүрдүүлэхээр гумины төрлийн бордоог нийт 24910 га талбайд  хэрэглэсэн нь ургацад тодорхой хэмээгээр нөлөөлсөн гэж үзэж байгаа.

          - Ургац хураалтад ажиллах техникийн бэлэн байдал ямар байна вэ?

- Ургац хураалтын техник засварын ажил 85-90 хувьтай байна. Ургац хураалтын зам, гүүрийн засварын ажилд дэмжлэг үзүүлэх талаар улсын ургацын комисст хүсэлт тавиад байна. 

相关新闻