Зэрэг сумын сургууль академич Чулууны Далайн нэрэмжит боллоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
Ховд /МОНЦАМЭ/. Ховд аймгийн хэмжээнд ерөнхий боловсролын 25 сургууль үйл ажиллагаа явуулж байгаагийн 10 гаруй нь өдгөө нутгийн уугуул, алдар гавьяа зүтгэлээрээ манлайлагч эрхэм хүмүүсийн нэрэмжит болоод байна.
Тэгвэл энэ удаа Ховд аймгийн Зэрэг сумын ерөнхий боловсролын сургуулийн 80 жилийн ойн баярыг тохиолдуулан аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2020 оны 125 дугаар тогтоол шийдвэрээр Зэрэг сумын ерөнхий боловсролын сургуулийг тус сумын уугуул, анхны төгсөгчдийн нэг болох Монгол Улсын Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, Шинжлэх ухааны академийн сурвалжит гишүүн, түүхийн ухааны доктор, профессор, академич Чулууны Далайн нэрэмжит болголоо.
Үүнтэй холбогдуулан нээлтийн үйл ажиллагааг энэ сарын 04-ний өдөр Зэрэг сумын ерөнхий боловсролын сургуулийн гадна талбайд зохион байгуулсан юм. Тус үйл ажиллагаанд Шинжлэх ухааны академийн Тэргүүн дэд ерөнхийлөгч, академич Г.Чулуунбаатар, тус академийн Олон улсын харилцааны хүрээлэнгийн захирал, доктор Д.Золбоо тэргүүтэй эрдэмтэн судлаачид оролцов. Мөн академич Чулууны Далайн гэргий, үр хүүхэд, аймаг, сумын удирдлагууд, орон нутгийн иргэд, багш, сурагчдын төлөөлөл өргөнөөр оролцсон юм.
Академич Чулууны Далай Монголын түүхийн бүхий л үеийг хамарсан судалгаа хийж байсан. Улмаар эрдэм шинжилгээний 100 гаруй өгүүлэл, илтгэл нийтлүүлж байжээ. Тодруулбал, "Монголын бөө мөргөлийн товч түүх" хэмээх бэсрэгхэн зохиол бичиж нийтлүүлсэн нь Монгол ба гадаадын эрдэмтэн, судлаачдын анхаарал сонирхлыг ихэд татсан байдаг. Ийнхүү түүний бүтээл туурвил, судалгаа, эрдэм шинжилгээний ажил бүхий л цаг үед үнэ цэнтэй судлагдахуун болж байгааг мэргэжилтнүүд онцоллоо.
Зэрэг сумын ерөнхий боловсролын сургуулийг академич Чулууны Далайн нэрэмжит болгосноор түүний амьдрал үйлс, эрдэм судлалын өвийг түгээн
дэлгэрүүлэх, сурталчлан таниулах, нийтийн хүртээл болгох замаар алдар гавьяаг
мөнхжүүлэхэд чухал ач холбогдолтой аж.



