Сурагчдын төлөөллийг "Өглөөний цай" уулзалтад урилаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
Өмнөговь /МОНЦАМЭ/ Өмнөговь аймагт хичээлийн шинэ жилийг угтан сурагчдыг "Өглөөний цай"-нд урьж ярилцлаа.
Тус аймаг жил бүр аль нэг салбарыг онцолж тухайн салбартаа хандсан хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын олон талт ажлуудыг зохион байгуулдаг билээ. Энэ жил аймгийн хэмжээнд "Боловсролыг дэмжих жил" болгон зарлаад боловсрол руу чиглэсэн ажлуудыг хийж байна. Тухайн салбарт 30 тэрбум төгрөгийн бүтээн байгуулалтыг хийхээс гадна 300 багшийг дэмжиж магистрт сургаж байгаа юм.
Зорилтот жилийн хүрээнд хичээлийн шинэ жилийг угтан аймгийн удирдлагууд Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын төлөөллийг "Өглөөний цай" уулзалтад урьж, тэдний санал бодлыг сонслоо. Хүүхэд хүүхдээсээ илүү суралцдаг, тиймээс бие биенээсээ суралцах боломжийг дэмжих, улмаар уралдаан тэмцээн, илтгэх урлаг, мэтгэлцээн зэрэгт багш эцэг эхчүүд, аймаг орон нутгийн удирдлагуудын бодит дэмжлэг хамгийн чухал юм. Мөн сургууль бүрт сэтгэл зүйчтэй болох асуудлыг нэн тэргүүнд шийдвэрлэх шаардлагатай, сэтгэл зүйчгүйн улмаас асууж тодруулах зүйлсээ ээж аавдаа тэр бүр хэлж чаддаггүй найз нөхөдтэйгөө ярилцдаг. Заримдаа багш, ээж ааваасаа нуух тохиолдол цөөнгүй тиймээс мэргэжлийн сэтгэл зүйчтэй болох асуудлыг хүүхдүүд хөндөж байлаа.