МАН-ын байрыг орон нутгийн өмчид шилжүүлснийг эсэргүүцэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
erdenechimeg@montsame.mn
2016-05-18 08:43:51

Баянхонгор аймгийн Баганат талбайд “Бид хамтдаа” эсэргүүцлийн цуглааныг аймгийн МАН-ын гишүүд дэмжигчид энэ сарын 16-нд зохион явууллаа. Цуглаанд 200 орчим иргэн оролцож санал бодлоо илэрхийлжээ.

Орон нутгийн 2012 оны сонгуулиар АН олонхийн суудлыг авч төр барьж буй. Мөн үеэс үүдэлтэй МАН-ын байрыг орон нутгийн өмч болгох асуудал эрчээ авч, тодорхой шийдэл хүрэхгүй байсаар өнөөг хүрсэн юм. Шүүх хурал цөөнгүй удаа болохдоо МАН-ын талд шийдэгдэж байсан бол МАН-ын өмч болох нь батлагдаагүй тул Улсын дээд шүүхийн шийдвэрээр орон нутгийн өмчид бүртгэх нь зүй хэмээн шийдвэрлэгджээ. Тиймээс МАН-ын гишүүд шүүхийн шатанд эрх мэдэлтний нөлөө орсон хэмээн үзэж байгаа аж. Тэд мөн шинэ нотлох баримтуудыг ч дэлгэсэн бөгөөд дахин шүүхэд хандана гэдгээ хэлсэн юм.

“Эрх баригчид хуулийн байгууллагад нөлөөлж, ардын намын олон мянган гишүүд, дэмжигчдийн хөлс хүч, хөрөнгөөр барьж байгуулсан байрыг ийнхүү булаан авч байгаад эсэргүүцлээ илэрхийлэн ийнхүү жагсаж байна. Холбогдох баримтуудыг бүрдүүлж, шинээр үүссэн нөхцөл байдлыг үндэслэж, гадны нөлөөгүй шударга шүүхээр асуудлыг дахин шийдвэрлүүлж, буцааж авна гэдэгтээ итгэлтэй байгаа”-гаа МАН-ын удирдлагуудад цуглаан дээр хэлсэн. Мөн үеэр Баянхонгор аймгийн ИТХ-ын дарга Д.Ширмэнд шаардах бичиг хүргүүлсэн бөгөөд түүнд, Олонхиор дэмжсэн саналыг баталгаажуулж чадаагүйд эмгэнэл илэрхийлээд, “МАН-ын байр нь ардын намын өмч болохыг дахин шүүхээр тогтоолгоно. Тэр хүртэлх хугацаанд аливаа иргэн, хуулийн этгээдэд худалдахгүй байхыг шаардан, олон жил ашиглалтгүй байснаас үүссэн хохирол, хурааж авснаас ирээдүйд гарах алдагдлыг Та бүхэн хариуцах болно” хэмээн бичжээ. “Баянхонгор аймгийн МАН-ын байрыг хурааж, ил тодорхой баримтуудыг гуйвуулж, шүүхийн хараат байдалд халдан, хүмүүсийг хөөж гаргаж байгаа үйлдэл нь хүчирхийллийн нэг том жишээ болж байгаа юм” гэдгийг намын удирдлагууд онцолж байв.

Баянхонгор аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 6 дахь удаагийн сонгуулийн XV хуралдаанаар МАН-ын бүлгийн оруулсан саналын дагуу орон нутгийн өмчийн байр /Хуучнаар Монгол ардын намын байр/-ны 1 дүгээр давхрыг Монгол ардын намд шилжүүлэх асуудлыг хэлэлцсэн. Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд 41 төлөөлөгч оролцохоос тус асуудлыг хэлэлцэхэд 37 төлөөлөгч байснаас 19 нь дэмжиж, 18 төлөөлөгч татгалзсан боловч тогтоолын төслийг батлах шатанд олонхиор “унагаснаар” МАН-ын хороо байргүй үлдсэн байна.

А.Бямбасүрэн

 

相关新闻