Хичээл сургалтын үеэр мэргэжлийн байгууллагуудаас өгсөн зөвлөмжийг заавал мөрдөж ажиллана
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
Завхан /МОНЦАМЭ/. 2020-2021 оны хичээлийн шинэ жил эхлэх
гэж байгаатай холбогдуулан ерөнхий боловсролын сургуулиудын захирал, сургалтын
менежер, цэцэрлэгийн эрхлэгч нарт "COVID-19" халдвараас урьдчилан сэргийлэх, бэлтгэл
бэлэн байдлын талаарх сургалт зохион байгуулжээ.
Сургалтыг аймгийн Боловсрол Соёл урлагийн газар, Онцгой байдлын газраас хамтран зохион байгуулж нийт 110 удирдах албан
тушаалтан оролцсон байна. Энэ үеэр ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн
үйл ажиллагааны нээлтийг цахимаар хийх, хичээлийн жилд улс,
аймгийн Онцгой комисс, яам, мэргэжлийн байгууллагуудын зүгээс өгч буй чиглэлийн
дагуу халдвар, хамгааллын дэглэмийг чанд мөрдөн ажиллах талаар заавар зөвлөгөө
өгчээ.
Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгүүд эрүүл мэнд, онцгой байдал, мэргэжлийн хяналтын газраас өгсөн урьдчилан сэргийлэх зөвлөгөө, зөвлөмжийг мөрдөж ажиллах. Ханиах найтаах шинж тэмдэг бүхий суралцагчийн талаарх мэдээллийг дор бүр нь сургуулийн эмчид өгөх. Хичээл сургалтын үед анги танхим сольж явахгүй байх. Суралцагч нь биедээ дараах зүйлсийг бэлтгэн байнга авч явахыг хэвших.
Тухайлбал гурваас
дөрвөн ээлжийн амны хаалт, гар ариутгагч шингэн, бактерийн эсрэг үйлчилгээтэй
гарын шингэн саван, ус шингэн зүйл уух сав, гарын болон ширээний алчуурыг
заавал бэлтгэх. Сургуульд нэвтрэхдээ биеийн халуунаа хэмжүүлж заавал тэмдэглэл
хөтлүүлнэ. Анги танхимд хуваарилсан суудалд заавал нэг нэгээрээ сууж
хичээллэнэ. Бал, үзэг, цаас, ном, дэвтэр, утас, таблет, нөөтбүүк, флаш гэх мэт
аливаа хэрэглэгдэхүүнийг бусдад дамжуулахгүй байх, бусдаас авахгүй байх. Халуун
бүлээн ус, уух шингэн зүйл бэлтгэн авч ирсэн тохиолдолд хоорондоо дамжуулахгүй
байх. Бусадтай гар барих, бусдын биед хүрэхгүй байх заавруудыг байнга мөрдөх юм
байна.