ОУОХ-ны хүндэт гишүүн Ш.Магванд МҮОХ-ныхон хүндэтгэл илэрхийлэв
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. МҮОХ-ны ерөнхийлөгч Н.Түвшинбаяр, ОУОХ-ны гишүүн, МҮОХ-ны тэргүүн дэд ерөнхийлөгч Б.Баттүшиг, МҮОХ-ны дэд ерөнхийлөгч Ч.Наранбаатар, МҮОХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга Э.Бадар-Ууган нар мягмар гарагт /2020.08.25/ Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, өдгөө 93 настай Шагдаржавын Магван буюу “Олимпын өвөө”-д хүндэтгэн хүлээн авч уулзав.
БТСУХ-ны дарга, МҮОХ-ны ерөнхийлөгч, ОУОХ-ны гишүүн, ОУОХ-ны хүндэт гишүүн Монголын спорт-олимпизмын амьд түүх болсон Ш.Магван гуай МҮОХ-ны Ерөнхийлөгч, дэд ерөнхийлөгчөөр шинээр сонгогдсон Н.Түвшинбаяр, Ч.Наранбаатар, ОУОХ-ны гишүүнээр сонгогдсон Б.Баттүшиг нарт шинэ албанд нь амжилт хүсэж, спорт, олимпизмын төлөө зүтгэсэн 60 гаруй жилийн ажил, амьдралын туршлагаасаа хуваалцаж, үнэтэй зөвлөгөө өгсөн байна.
Ташрамд сонирхуулахад, Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн Шагдаржавын Магван дэлхийн 207 орныг эгнээндээ нэгтгэсэн хүн төрөлхтний эрхэмлэн дээдэлж ирсэн спортын талбарт ариун шударга өрсөлдөөнийг удирдан зохион байгуулдаг Олон улсын Олимпын хороо /ОУОХ/-ны гишүүнээр 30 шахам жил ажилласан юм. Өдгөө ОУОХ-ны хүндэт гишүүн, Ш.Магван гуай монголчуудад төдийгүй Олон улсын олимпизмын хөдөлгөөний нэр хүндтэй зүтгэлтнүүдийн нэгд зүй ёсоор мөнхөрч үлдсэн билээ. Монголдоо «Олимпын өвөө» хэмээх алдрыг хүртсэн Ш.Магван гуай ОУОХ-нд олон жил гишүүнээр ажиллаж олимпизмын хөдөлгөөнийг өнөөгийн энэ өндөр түвшинд хүргэх үйлсэд гар бие оролцсон Монгол Улсын иргэн гэдгээрээ монголчуудын бахархалт алдартан. Тэрбээр 1969-1978 хүртэл Биеийн тамир спортын эвлэлийн төв зөвлөл /БТСЭТЗ/-ийн дарга болон МҮОХ-ны ерөнхийлөгчөөр ажилласан юм. 1977 онд болсон ОУОХ-ны чуулганаар Ази, Австрали, Европ, Африк тивээс нийт 7 хүн ОУОХ-ны гишүүн болоход тэдний хамт Ш.Магван нэр дэвшсэн бөгөөд Прага хотноо ОУОХ-ны гишүүний тангаргаа өргөж байсан түүхтэй. “Олимпын өвөө” 1972 оноос зун, өвлийн олимпын наадамд Монгол Улсынхаа баг тамирчдыг тэргүүлж оролцсон бөгөөд өнөөг хүртэлх бүх олимпын наадмыг очиж үзсэн Монгол Улсын ганц иргэн юм. 1972 оны зуны олимп Мюнхенд, өвлийнх нь Саппоро буюу Японд болсон. Тухайн үед Монгол Улс баруун Герман, Япон улстай дипломат харилцаа тогтоогоогүй байсан билээ.