Гурвансайхан сумын сургууль нэрт эрдэмтэн Б.Банзрагчийн нэрэмжит боллоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Дундговь /МОНЦАМЭ/. Дундговь аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлын шийдвэрээр
Гурвансайхан сумын Ерөнхий боловсролын сургууль нэрт эрдэмтэн сэтгүүлч,
орчуулагч, хувьсгалт тэмцлийн ахмад
зүтгэлтэн Бархасын Банзрагчийн нэрэмжит болж нээлтээ хийлээ.
Нээлтийн үйл ажиллагаанд аймгийн Засаг дарга О.Бат-Эрдэнэ,
АИХ-ын депутат, УИХ-ын гишүүн асан, доктор, профессор Содномын Батмөнх,
Б.Банзрагч агсны үеэл Монгол дахь хятадын түүх соёл судлалын нийгэмлэгийн
тэргүүн Х.Баатархүү болон охин Б.Цэцэгмаа нарын төрөл төрөгсөд, Гурвансайхан
сумын удирдлагууд, сургуулийн багш, сурагчид оролцжээ.
“Улаан эрдэмтэн” хочит Б.Банзрагч тус сумын уугуул, Хувьсгалт
тэмцлийн ахмад зүтгэлтэн, нэрт орчуулагч, сэтгүүлч, түүхч хүн юм. Тэрээр МАХН-ын
Төв Хороонд хэлтсийн эрхлэгчийн туслах, “Үнэн” сонины сурвалжлагч, Намын төв
сургуульд багш, хичээлийн эрхлэгч, ШУХ-д эрдэмтэн, нарийн бичгимйн дарга,
МАХН-ын түүхийн институтэд эрдэм шинжилгээний ажилтан, тасгийн эрхлэгч, “Энхтайван
социализмын асуудал” сэтгүүлд редактор, орчуулагч, ЗХУ-ын Улаан-Үдийн “Октябрийн
туяа” сэтгүүлийн ерөнхий редактор, орчуулагч зэрэг ажил, албыг хашиж байжээ.
Түүнийг "Улаан эрдэмтэн" хэмээсний учир нь
Б.Банзрагч Москвагийн Дорно дахины хөдөлмөрчдийн коммунист намын их сургуульд
1925 онд элсэн суралцаж байгаад СССР-ийн Сайд нарын Зөвлөлийн дэргэдэх Улаан
эрдэмтний дээд сургууль /Институт красных профессоров/-д дэвшин орж, 1930 онд
"1921 оны Ардын хувьсгалыг ялалтад хүргэхэд 1911 оны үндэсний эрх чөлөөний
хөдөлгөөний түүхэн үр нөлөө" сэдвээр Түүхийн ухааны дэд эрдэмтний зэрэг
хамгаалсан тул төгссөн сургуулийнхаа нэрээр ийнхүү нэрлэгдсэн ажээ.
Гурвансайхан сумын дунд сургууль 1940 онд байгуулагдаж,
80 жилийн түүхэн хугацаанд 12 жилийн бүрэн дунд сургууль болтлоо өргөжин, энэ хичээлийн
жилд 14 бүлгийн 310 сурагчийг хүлээн авч, 42 багш, ажиллагсадтайгаар үйл ажиллагаагаа
ийнхүү эхэлжээ.


