ШЕЗ-ийн гишүүн Д.Цогтсайханаар ахлуулсан ажлын баг Баян-Өлгий аймагт ажиллалаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Шүүхийн Ерөнхий зөвлөлийн
гишүүн Д.Цогтсайхан, гүйцэтгэх нарийн бичгийн дарга О.Амгаланбаатар нар энэ сарын
24-ий өдөр Баян-Өлгий аймагт ажиллалаа.
Ажлын баг тус аймаг дахь анхан болон давж
заалдах шатны шүүхүүдийн үйл ажиллагаатай танилцан, шүүгч, ажилтнуудтай
уулзлаа.
Уулзалтаар Ерөнхий зөвлөлөөс 2019 он болон энэ оны
эхний хагаст хэрэгжүүлсэн ажил, хүрсэн үр дүн, шүүхийн хараат бус, шүүгчийн бие
даасан байдлыг хангах чиглэлээр цаашид авч хэрэгжүүлэхээр төлөвлөж буй ажлын
талаар танилцуулав.
Мөн Үндсэн хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтөд
нийцүүлэн шүүхийн хууль тогтоомжийг боловсронгуй болгох, шүүгч, шүүхийн
захиргааны ажилтнуудын эрх ашгийг хамгаалах, шүүхийн үйлчилгээг иргэдэд хүндрэл,
чирэгдэлгүй шуурхай хүргэх, шүүх хуралдааны хойшлолтыг бууруулах, шүүхэд итгэх
олон нийтийн итгэлийг дээшлүүлэх талаар санал солилцлоо.