Сургууль, цэцэрлэгийн анги дүүргэлт 20-25 хүүхэдтэй байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
Өвөрхангай /МОНЦАМЭ/. 2020-2021 оны хичээлийн жил эхлэхэд хэдхэн хоног үлдээд байна. Хичээлийн шинэ жилтэй холбогдуулж аймгийн Боловсрол, соёл урлагийн газрын дарга Ж.Пүрэвсүрэн мэдээлэл өглөө.
Коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэх онцгой дэглэмийн үед сургалт, хүмүүжлийн үйл ажиллагаа эхэлж байгаа учраас өөрчлөлт, шинэчлэлтийн ажил ихтэй, энэ талаар эцэг эхчүүдийн хувьд ойлголт тааруу байгаа юм. Хичээлийн шинэ жилтэй холбогдуулан яамны сайдын тушаал болон түр журам гарсан бөгөөд хоёр настай хүүхдийг цэцэрлэгт хамруулахгүй. Гурваас дөрвөн насны хүүхдүүдийг өмнөх жилүүдийн бүртгэлээр хамруулж, харин таван настай хүүхдийг бүрэн хамруулахаар болжээ. Анги дүүргэлт 20-25 хүүхэдтэй байх ба нэг хүүхдэд ноогдох талбай 1-1.5 м.кв байхаар зохицуулсан байна. Ерөнхий боловсролын сургуулийн хувьд гурван өдөр танхимаар, хоёр өдөр онлайнаар хичээллэх бөгөөд хэрэв сурагч бүх хичээлээ онлайнаар авна гэвэл боломж байгаа аж. Түүнчлэн сургууль, цэцэрлэгүүдийн цэвэрлэгээ, халдваргүйжүүлэлтийг заавал мэргэжлийн байгууллагаар хийлгэх, хүүхдүүдийн халууныг үзэж, амьсгалын замын өвчинтэй байгаа эсэхийг шалгадаг байх зэрэг олон үүрэг хүлээж байгаа юм.
Зөвхөн сургууль гэлтгүй, эцэг, эхчүүдийн хараа хяналт онцгой чухал байгааг тэрээр хэллээ. Аймгийн БСУГ-аас сургууль, цэцэрлэгт шаардлагатай байгаа сул ажлын байрны захиалгыг авч эхэлсэн бөгөөд энэ сарын 24-нд сонгон шалгаруулалтыг зохион байгуулна. Сурагчдын дүрэмт хувцсыг орон нутаг дахь “Топзүү” оёдлын үйлдвэрээс нийлүүлэх юм.