Гүйцэтгэх ажил нэрээр хүний эрх зөрчдөг ажиллагааг хязгаарлалаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
gantuya@montsame.mn
2016-05-16 16:58:15

УИХ-аас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай, Хууль сахиулах ажиллагааны тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийг баталсантай холбогдуулж, УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Ганбат, УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин, Ц.Оюунгэрэл, Л.Болд, Хууль зүйн сайд Д.Дорлигжав нар мэдээлэл хийлээ.

Мэдээлийн эхэнд УИХ-ын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Ганбат хууль эрх зүйн салбарт Үндсэн хуулийн дараа орохуйц том шинэчлэлийг хийж чадлаа" гэсэн бол УИХ-ын гишүүн Л.Болд "Эдгээр хуулиуд батлагдсанаар хүний эрхийн хувьсгал хийгдлээ. Төр, иргэн хоёр нэг байр сууринд ирж, иргэн бүр хуулийн хамгаалалтад орж байгаагаараа онцлог юм" гэлээ. Мөн УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин "Өнөөдөр хүчин төгөлдөр үйлчилж буй Эрүүгийн байцаан шийтгэх хуулиар хэргийг цаасан нотлох баримтад үндэслэн байцаалтаар нотолж буй байдлыг шинэ хуулиар өөрчилж, байцаалтаас бусад аргаар хэргийг нотлох эрх зүйн орчныг бий болсон" гэв. 

Хууль зүйн сайд Д.Дорлигжав "Эрх зүйн салбарын суурь өөрчлөлт хийгдлээ. 2015 онд батлагдсан Эрүүгийн хууль, Зөрчлийн хууль нь сая батлагдсан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай, Хууль сахиулах үйл ажиллагааны тухай хуулиудаар дамжин амилна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль хэрэгжсэнээр гэмт хэргийг шуурхай, бүрэн илрүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг олж тогтоон шударгаар ял оногдуулах, албадлагын арга хэмжээ хэрэглэх, гэм буруугүй хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохгүй байх, хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах болно. Хэргийг зөвхөн байцаалтаар нотолдог байдлыг өөрчилж, байцаалтаас бусад аргаар нотлох эрх зүйн орчин энэ хуулиар бүрдсэн" гэлээ. Мөн хэргийг илрүүлэх зорилгоор сэжиг таамагт суурилан цагдан хорьдог, энэ хугацаанд гүйцэтгэх ажил гэсэн нэрээр хүний эрхийг зөрчсөн ажиллагаа хийдэг, цагдан хорих байр дамжуулан хорьдог байдлыг дээрх хуулиар хязгаарлажээ. Хүнийг хэн нэгэн албан тушаалтны сэжигт үндэслэн олон сараар хорьж, мөрддөг, эрх чөлөөг нь хугацаагүй хасдаг байдлыг хязгаарлаж, нотлох баримтаар тогтоогдсон тохиолдолд тухайн хүнийг яллагдагчаар татан шалгадаг байх зохицуулалтыг хуульд тусгасан аж. Хэрэг шалгах ажиллагаа нь процессын олон шат дамжин удааширч, хүмүүсийг чирэгдүүлдэг, бусад хэрэг нь нотлогдоогүй байна гэсэн үндэслэлээр хохирогч нарын эрхээ сэргээлэх боломжийг хаадаг байдлыг өөрчилж, нотлогдсон хэрэгт нь ял оногдуулж, бусад хэргийг нь тусгаарлан үргэлжлүүлэн шалгах нөхцлийг хуульчилж өгчээ. Нууцаар хийгддэг мөрдөн шалгах ажиллагааг прокурорын хяналт дор шүүхийн зөвшөөрөлтэйгээр явуулахаар хуульд заасан байна. Мөн Хууль сахиулах ажиллагааны тухай болон холбогдох бусад хуульд хууль сахиулагчийн ажлын дүрмийг нарийвчлан зааж өгчээ. 

Мэдээллийн дараа сэтгүүлчид ТЕГ, АТГ, ЦЕГ-ын дарга нар дээрх хуулиудтай холбоотойгоор Ерөнхий сайдад хандан захидал илгээсэн талаар тодруулсан юм. Уг газрын дарга нараас гүйцэтгэх ажиллагааны талаар энэ захидлыг явуулсан. Энэ талаар УИХ-ын гишүүн Ц.Оюунгэрэл "Монгол Улсын хүний эрхийн хамгийн том зөрчил бол эрүүдэн шүүлт. Эрүүдэн шүүлт хийдэг газар нь Цагдан хорих төв байдаг. Гарын үсэг зурсан байгууллагын маш их эсэргүүцсэн нэг заалт бол Цагдан хорих төвд жирийн иргэн дээр хийдэг гүйцэтгэх ажиллагааг хориглох гэж оролдсоноос бүх зүйл үүссэн. Эрүүдэн шүүлтийг багасгах цорын ганц арга нь эрүүдэн шүүдэг байгууллагад байгаа, эрүүдэн шүүлтэд ашиглаад байгаа мэдээллийг өөрчилж хуульчлахаас өөр арга байгаагүй. Тийм учраас Цагдан хорих төвд гүйцэтгэх ажил явуулъя гэж байгаа бол зохион байгуулалттай гэм хэрэг том хэрэг дээрээ явуул. Халаасны хулгай, малгын хулгайгаар орсон хүүхдүүд дээр хэрэг тохохын тулд олон жил байлгах шаардлагагүй гэж хугацааг нь багасгаад Цагдан хорих төвд хийх гүйцэтгэх ажиллагааны хугацааг багасгасан. Энэнээс болж дээрх байгууллагуудаас бичиг ирсэн. Бид ярилцаад прокурорын хяналтыг байх ёстой газар нь байлгаад, хугацааг нь тодорхойлсон" гэлээ.

Мөн "Энэ хууль УИХ-ын гишүүнд байдаг эрхийг Монгол Улсын иргэнд авчирсан. Яахаараа Монгол Улсад УИХ-ын гишүүн нь нэг эрхтэй, иргэн нь нэг өөр эрхтэй байдаг юм. Бүгд адилхан өндөр хэмжээний эрхтэй байх ёстой. Тийм зорилгоор бид энэ хууль дээр тэмцсэн. Энэ хуулийг хийхийн тулд хувьсгал хийх дайны юм болсон. Чимээгүй хувьсгал хийх дайтай юм боллоо" гэлээ. 

Н.Гантуяа

相关新闻