МАН: Өрийн удирдлагын тухай хуулийг хэлэлцэх шаардлагагүй гэв
МОНГОЛЫН МЭДЭЭУИХ дахь МАН-ын бүлгийн ээлжит хуралдаан өнөөдөр болж, хэд хэдэн асуудлаар байр сууриа нэгтгэсэн байна. Энэ талаар тус бүлгийн дэд дарга Д.Хаянхярваа мэдээлэл хийв.
Бүлгийн хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2017 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2018-2019 оны төсвийн төсөөллийн тухай, Өрийн удирдлагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэж, УИХ-ын 2016 оны ээлжит сонгуулийн өмнөх "Монгол Улсын эдийн засаг, санхүү, төсвийн төлөв байдлын талаарх мэдээлэл"-ийг сонсчээ.
Харин УИХ-ын гишүүн Н.Батбаярын нэн яаралтай горимоор хэлэлцүүлэхээр өргөн мэдүүлсэн Өрийн удирдлагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг МАН-ын бүлэг хэлэлцэх шаардлагагүй гэж үзсэн байна. Учир нь уг хуулийн төсөлд зөвхөн "өр" гэдэг үгийг "өглөг" гэдэг үгээр солихоор тусгажээ. Энэ талаар бүлгийн дэд дарга Д.Хаянхярваа хэлэхдээ "Н.Батбаяр гишүүний санаачилсан энэ хуулийн төсөлд өр гэдгийг өглөг хэмээн сольё гэжээ. Өр, өглөг гэдэг үгийг Я.Цэвэлийн "Монгол хэлний тайлбар толь"-д юу гэж тайлбарласныг харлаа. Тухайлбал, өглөг гэдэг бол өгшөө, өр гэсэн үг. Өр гэдэг бол бусдад өгөх өр, өглөг юм гэж тайлбарласан байна. Өөрөөр хэлбэл, энэ хоёр үг нь ижил утгатай байна" гэв.
Мөн тэрбээр төсвийн өнөөгийн ерөнхий байдлын талаар танилцуулж, Монгол Улсын төсвийн орлого 213 тэрбум төгрөгөөр тасраад байгаа гэв. Оны эхнээс хөрөнгө оруулалт 37 хувьтай байгаа төдийгүй зээлийн үйлчилгээний төлбөр тасарч, өнөөдрийн байдлаар зээлийн үйлчилгээний төлбөрт 58 тэрбум төгрөг төлөх ёстой ч төлж чадаагүй байгаа гэлээ. Мөн тэрбээр "2017, 2018 оноос манай улс Хөгжлийн банкнаас авсан бонд, "Чингис" бондын төлбөрийг хийх ёстой. Тухайлбал, 2017 онд 580 сая ам.доллар, 2018 онд 500 сая ам.доллар төлөх ёстой. Тиймээс Төсвийн хүрээний мэдэгдлийг хэлэлцэх үед өр авлагатай холбоотой асуудлыг дахин ярьж 2017 оноос эхлэн төлөх үндсэн төлбөрүүдийг хэрхэн барагдуулах талаар Засгийн газраас тодруулах ёстой гэж МАН-ын бүлэг үзсэн" гэлээ.
Түүнчлэн Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай УИХ-ын тогтоолын төсөл, УИХ-ын 2016 оны ээлжит сонгуулийн өмнөх "Монгол Улсын эдийн засаг, санхүү, төсвийн төлөв байдлын талаарх мэдээлэл"-тэй холбогдуулан МАН-ын бүлгээс УИХ-ын гишүүн Ж.Энхбаяраар ахлуулсан Ажлын хэсэг байгуулжээ.
АТГ-ын даргыг томилох асуудлыг хэлэлцэх үеэр авсан АН-ын бүлгийн завсарлага маргааш буюу тавдугаар сарын 17-нд дуусах ёстой ч энэ долоо хоногийн хэлэлцэх асуудлын дараалалд оруулаагүй байна. Тиймээс АТГ-ын даргын томилгооны асуудлыг яаралтай шийдэх шаардлагыг МАН-ын бүлгээс хүргүүлэхээр болжээ.
Н.Гантуяа