Сингапурт "Зика" вирусийн халдвар авсан анхны тохиолдол бүртгэгджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ
sarnai@montsame.mn
2016-05-16 14:05:37

СИНГАПУР. /Xinhua/. Сингапурт "Зика" вирусийн халдвар авсан анхны тохиолдол бүртгэгдсэн талаар тус улсын Эрүүл мэндийн яам /ЭМЯ/ болон Үндэсний байгаль орчныг хамгаалах газар /ҮБОХГ/-ын мэдэгдэлд дурджээ.

Сингапурт байнгын оршин суудаг 48 настай эрэгтэй өнгөрсөн бямба гарагт "Зика" вирусийн шинжилгээ өгөхөд хариу нь эерэг гарчээ.

Тэрбээр гуравдугаар сарын 27-ноос тавдугаар  сарын 7-ныг хүртэл Бразилын Сан Паулу хотоор аялсан байна. Өвчтөн мягмар гарагаас эхлэн халуурч мөн тууралт өгч эхэлсэн даруйд "Маунт Элизабет Носена" эмнэлэгт хүргэн пүрэв гарагт тусгаарласан байна.

Өвчтөнийг "Тан Ток Сенг" эмнэлгийн Халдварт өвчний төв рүү шилжүүлэх бөгөөд шумууланд хазуулах, тэрчлэн бусад хүмүүст халдварлахаас сэргийлэх зорилгоор тусгаарлан, эмчилгээ хийнэ.

Өвчтөний биеийн байдал одоогоор сайжирч байгаа ажээ. "Зика" вирусийн шинжилгээ дахин өгч сөрөг гарсан тохиолдолд л түүнийг эмнэлгээс гаргах болно гэж Эрүүл мэндийн яамнаас мэдэгджээ.

Эрүүл мэндийн яам болон Үндэсний байгаль орчныг хамгаалах газраас өвчтөнтэй хөрш зэргэлдээ амьдардаг хүмүүст анхааруулга өгсөн бөгөөд хэрэв тэдэнд халуурах мөн тууралт өгөх зэрэг шинж тэмдгүүд илэрвэл эмнэлэгт хандахыг зөвлөсөн байна.

ҮБОХГ уг бүсүүдэд дээрх үйл ажиллагааг хэрэгжүүлэхийн тулд ажилтнуудыг нэмж дайчлан ажиллуулж байна.

Х.Сарнай

 

相关新闻