Ховд аймгийн Музей дэх хүрэл хутганы тухайд
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
Ховд/МОНЦАМЭ/. Ховд аймгийн Музейн сан хөмрөг нь эртний судлалын арвин баялаг цуглуулгатай. Эдгээрээс хамгийн өвөрмөц хийцтэй, олны анхаарал татахуйц өнгөт төмөрлөг “хутга”-нуудын дээжид АНУ-д үйлдвэрлэгдсэн Альфа-2000 \Аlphа series\ солонгон задлал хийх багажаар шинжилгээ хийсэн байдаг. Тэгвэл энэхүү ховор нандин үзмэрүүдийг танилцуулъя.
Нэгдүгээр
хутга:
Ховд аймгийн Мянгад сумын иргэн н.Даваа тус сумын нутаг “Халзан бүргэдтэй” гэх уулын ар бэлээс 1980 оны эхэнд олж хадгалж байсан. Амьтны дүр бүхий үзүүр \тольт\-той, бариулын хоёр хажуу талд бугын дүрслэлтэй энэхүү хутганы урт нь 17.7 см аж. Уг хутга нь бага зэрэг бөгтөр мөртэй, үл мэдэг ээтэн үзүүртэй.
Бариулын үзүүр хэсэгт /толт/ толгойгоо бөхийлгөн, сүүлний үзүүрээ этийлгэн мяраан үсрэх гэж буй байдалтай ирвэс дүрслэн цутгажээ. Тольтын урт 2.8 см, өргөн 1.75 см юм. Ирийг нь хутганы аагаас эхлэн хурц ирлэжээ. Бариулын хоёр хажуу талд тэгш өнцөгт хэлбэртэй хүрээн дотор хоёр, хоёр бугыг цувруулан өөдөө нисэн дүүлж буйгаар загварчлан урлаж, товойлгон цутгажээ.
Хоёрдугаар
хутга:
Тус хутгыг Ховд
аймгийн Мянгад сумын иргэн н.Даваа “Халзан
бүргэдтэй” гэх уулын ар бэлээс 1980 оны эхэнд олж хадгалж
байжээ. Хутганы урт нь 19.9 см хэмжээтэй. Бөгтөр мөртэй. Хутганы бариул
хэсэг нь иртэй хэсгээсээ урт хийгдсэн байна.
Бариулын хоёр талд хоёр, хоёр
туулайг үзүүр хэсэг рүү хандуулан дүрсэлжээ. Хутганы толтыг махир хошуутай
шувууны цээжин биеийг цагариг хэлбэртэй гарган дүрслэн чимэглэжээ. Тольтод
нь 0.45 см голчтой нүх гаргасан байдаг аж.
Гуравдугаар хутга:
Одоогийн байдлаар олдсон
газар нь тодорхойгүй байна. Хутганы урт 18.1 см юм.
Бөгтөр мөртэй. Иртэй хэсэг нь 2.2-0.45 см өргөнтэй, бариул хэсгээсээ
харьцангуй өргөн хийгдсэн аж.
Бариулын урт нь 8.1
см. Тольтын дээд хэсэг мөөгөн хэлбэртэйгээр дүрслэгдсэн. Түүний өргөн 1.4 см.
Зузаан 0.4 см аж. Хутганд ир гаргаагүй учир хусах зориулалтаар
ашигладаг байсан бололтой гэж мэргэжилтнүүд тодорхойлов.
Дөрөвдүгээр хутга:
Мөн л олдсон газар
тодорхойгүй байна. Хутганы урт нийт 21 см. Толт нь хагас дугуй онги
хэлбэртэй гаргажээ. Хагас онгин хэлбэрийн тольтын дотор талд гурвалжин хэлбэр
гаргаж цутгасан. Түүний хэмжээ 2.35х1.25 см аж. Тус хутга хийсэн
хайлшны үндсэн бүрэлдэхүүн нь зэс юм. Дээрх хутгануудаас ялгаатай нь хар
тугалганаас цагаан тугалганы хэмжээ нь ихээр илэрч байна гэж шинжилгээгээр
тогтоожээ.
Тавдугаар хутга:
Нарийн бариултай цагариган
толттой уг хутганы урт нь 9.6 см хэмжээтэй. Мөн бариулын урт
6.4 см. Ирний өргөн 1.8 см /балтгийн орчимд/ аж. Бага зэрэг ээтгэр
үзүүртэй цутгагдсан бөгөөд үзүүр нь хугарсан байдаг. Тольт нь зууван
цагариг хэлбэртэй бөгөөд хөндлөн огтлол 1.4х1.2 см хэмжээтэй.
Цагариган тольтын дотор талд хоёр хавтсан хэвд цутгасны ул мөр сайтар
хадгалагдан үлдсэн байдаг.
Зургаадугаар хутга:
Уг хутганы урт нь 13.5 см. Балтгаас үзүүр хүртэл 6.2 см. Бариулаас тольтын үзүүр хүртэл 7.1 см хэмжээтэй. Иртэй хэсэг нь бариулаасаа өргөн бөгөөд балтаг орчимдоо хамгийн өргөн нь 2.2 см хэмжээтэй аж. Бөгтөр мөртэй. Толтыг үл мэдэгдэх амьтны толгойн дүрслэлтэй цутгажээ. Мөр хэсэгтээ хүчтэй давтагдаж цохигдсон. Мөрний зузаан нь 0.25 см орчим. Хутга бүхэлдээ зэвэрсэн байна. Эхний дөрвөн хутгыг хэлбэр төрх, хийцээр нь харьцуулан он цагийг тогтоовол Нийтийн тооллын өмнөх IX зууны сүүл-Нийтийн тооллын өмнөх VI зуунд холбогдох боломжтой юм. Үлдсэн хоёр хутга нь хэв шинжийн харьцуулалтаар хүрлийн хожуу үеийн хутгатай ижил байна гэж Ховд аймгийн Музей мэдээллээ.
