“Сэлэнгэ Олон Улсын Худалдааны төв” нээгдлээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭЗуны эхэн сарын шинийн 15-ний дашнямтай бэлэгт сайн өдрийг сонгон Сэлэнгэ аймгийн ард түмэн “Сэлэнгэ Олон Улсын Худалдааны төв”-ийн нээлтийн үйл ажиллагаагаа хийлээ.
Энэхүү ёслолд ЗГХЭГ-ыг дарга, УИХ-ын гишүүн С.Баярцогт, УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат, Сэлэнгэ аймгийн ИТХ-ын дарга Ж.Санжжав, аймгийн Засаг дарга С.Бүрэнбат болон албаны бусад хүмүүс Сэлэнгэ аймгийн иргэд, төв болон орон нутгийн хэвлэл мэдээллийнхэн оролцлоо.
Энэхүү Олон улсын худалдааны төв ашиглалтанд орсноор нийт 300 гаруй иргэн тохилог ажлын байртай болохоос гадна Төрийн үйлчилгээний нэгдсэн төв буюу нэг цонхны үйлчилгээ худалдааны төв дээр байрлаж байгаа нь онцлогтой юм.
Энэхүү үйл ажиллагааны нээлтийн үеэр аймгийн Засаг дарга С.Бүрэнбат:” Сэлэнгэ Олон Улсын Худалдааны төв нь Улаанбаатар хүртэлх босоо тэнхлэгийн зам дагуу байрласнаараа өндөр ач холбогдолтой юм. Нөгөө талаас Сэлэнгэ аймагт 300 гаруй ажлын байр бий болгосон томоохон худалдааны төв анх удаа ашиглалтад орж байна. Нийтдээ 300-аад тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар босч байгаа. Дээр нь аймаг өөрөө 300 сая орчим төгрөг гаргаж Олон улсын худалдааны төв ашиглалтад орууллаа. Бид дулааны асуудлаа өргөтгөөд дотор нь байгаа тавилга, лангууны асуудлыг иж бүрэн шийдэж өгсөн. Харин өнөөдөр манай иргэд өөрсдөө зүгээр л орж ирээд ажил үйлчилгээгээ эрхлэх боломжтой төв нээгдлээ” хэмээн хэллээ.
Ийнхүү олон жил хүсэн хүлээсэн тохилог эрүүл орчинтой худалдааны төв Сэлэнгэ аймагт нээлтээ хийлээ. Хойд чиглэлийн босоо тэнхлэгийн дагуух гол замын бараг дэргэд уг төв оршиж байгаа нь ОХУ, Улаанбаатар болон бусад аймаг хотуудад явж байгаа зорчигчид үйлчлүүлэх боломжтой юм.
Сэлэнгэ аймаг Ч.Отгонцэцэг