Дэлгэрмөрөн голын эргээр амарч байгаа иргэдэд зөвлөмж өглөө
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
Хөвсгөл /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймаг дахь Цагдаагийн газрын алба хаагчид Дэлгэрмөрөн голын эргээр амарч байгаа иргэдтэй уулзаж бага насны хүүхдэд тавих хараа хяналтаа сайжруулах, байгальд ил задгай хог хаяхгүй байх зөвлөмжийг өглөө.
Мөн иргэдэд голд машин угаахгүй байх талаар яриа таниулга хийж, учирч болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх санамж сэрэмжлүүлэг тараасан байна.
Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээллээр 07 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар Хөвсгөлийн уулсаас эхтэй Бэлтэс, Үүр зэрэг голын усны түвшин өмнөх өдрийнхөөс 10-45 см нэмэгдэж үерлэж байна. Иймээс цаашид орох хур тунадасны эрчимшилээс шалтгаалж гол мөрний усны түвшин богино хугацаанд нэмэгдэн үерлэж болзошгүй тул гол мөрний сав дагуу суурьшиж, нутагшиж буй ард иргэд, аж ахуйн нэгж, аялж зугаалж яваа хүмүүсийг болзошгүй үер усны аюулаас урьдчилан сэргийлэхийг Хөвсгөл аймгийн Цагдаагийн газраас онцгойлон анхааруулж байна.