Говийн хүүхдүүд нутагтаа боксоор хичээллэж эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
erdenechimeg@montsame.mn
2016-05-15 14:20:30

Өмнөговь аймагт олимпын боксын “Говь Химатис” клуб баасан гарагт  нээлтээ хийлээ. Тус кулбт одоогоор 50 гаруй хүүхэд хоёр ээлжээр хичээллэж байна. Тэд бокс, кикбокс, холмиг тулаан, гардан тулаан гэсэн дөрвөн төрлөөр суралцаж байгаа ажээ.

Клубын багшаар Өмнөговь аймгийн уугуул 2007 оны бүрэн кантактай каратегийн дэлхийн аварга, гардан тулааны олон улсын хэмжээний мастер, Монголын гардан тулааны хар бүс хоёр дантай Нарантуяагийн Тайван-Ертөнц ажиллаж байна. Энэхүү клубыг УИХ-ын гишүүн, Монголын боксын боксын холбооны ерөнхийлөгч Д.Бат-Эрдэнэ санаачлан дэмжжээ.

Тус арга хэмжээнд Монголын олимпийн боксын холбооны дэд ерөнхийлөгч, Олимпийн аварга, Хөдөлмөрийн баатар, МУГТамирчин Э.Бадар-Ууган, Дэлхийн аварга, Хөдөлмөрийн баатар, МУГТамирчин П.Сэрдамба, Ардын багш Д.Банди, Монголын олимпийн боксын холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Батнасан, "Рио-2016" Олимпийн их наадамд оролцох эрхээ авсан Ази тивийн аварга, Азийн наадмын аварга, ОУХМастер Д.Отгондалай нарын 4 шилдэг боксчид ирж оролцлоо.

Аймгийн ИТХ-ын дарга клубыг нээж хэлсэн үгэндээ Өмнөговь аймгаас тив дэлхийд говь нутгаа гайхуулсан, төрийнхөө далбааг мандуулсан олон олон тамирчид төрөн гарна гэдэгт итгэж буйгаа онцолсон. Мөн улсын чанартай тэмцээнүүдэд оролцоход нь дэмжиж хамтарч ажиллана гэдгээ хэлсэн юм. Энэ үеэр Олимпийн аварга, Хөдөлмөрийн баатар, МУГТамирчин Э.Бадар-Ууган “Өөр аймгуудад манай боксын клубүүд байдаг хэдий ч ийм олон бүрэлдэхүүнтэй очиж байсангүй. Анх удаагаа хөдөө орон нутагт буюу Өмнөговь аймагт бид олуулаа ирлээ. Эндээс ирээдүйн олимпийн аварга төрөн гарна гэдэгт би эргэлзэхгүй байна” гэсэн юм.

Өмнөговь аймаг Д.Мишигсүрэн

相关新闻