Мөрөн хотын 6500 өрх өндөр хурдны шилэн кабелийн дэд бүтэцтэй боллоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
Хөвсгөл/МОНЦАМЭ/. Хөвсгөл
аймгийн Мөрөн хотын гэр хороололд юнивишнийн гурвалсан үйлчилгээ
нэвтэрч дижитал хэлбэрээр нээлтээ хийлээ.
Юнивишн компани нь сүлжээгээ орон даяар
оруулах, урт удаан хугацаанд найдвартай тасалдалгүй үйлчилгээг хүргэхийг зорин
ажилладаг. Тиймээс орон даяар сүлжээгээ улам өргөтгөж орон нутгийн гэр
хорооллын бүс нутагт Дэлхийн өндөр хөгжилтэй орнуудын тав тухтай амьдрах
стандартад нийцсэн гурвалсан үйлчилгээг
нэвтрүүлэхээр зорьж “Юнивишнтэй гэр
хороолол” төслийг эхлүүлсэн байна. Өнгөрсөн жил Эрдэнэт хотын гэр
хороололд гурвалсан үйлчилгээний сүлжээгээ нэвтрүүлжээ.
Харин энэ удаа Хөвсгөл аймгийн Мөрөн хотын гэр
хорооллын онцлогт тохируулж, метал агуулаагүй
буюу цахилгаан дамжуулдаггүй материалаар хийгдсэн шилэн кабелийг сонгон
суурилуулсан нь цахилгаан дамжих, гал түймэр гарах эрсдэлгүй юм. Энэхүү
стандарт нь дэлхийн өндөр хөгжилтэй орнуудын шилэн кабелийн дэд
бүтэцтэй ижил стандарт гэнэ. Мөрөн хотын гэр хорооллын 1-9 болон 11-14 дүгээр
багуудад нийт 6,500 өрхөд юнивишний гурвалсан үйлчилгээг
хүргэхэд бэлэн болсон байна. Тус ажлыг нийт 30 гаруй инженер
техникийн ажилчид өнгөрсөн хоёр сарын хугацаанд нийт 500 км шилэн кабел татаж,
300 орчим төхөөрөмжийг гэр хорооллын гудамжнуудад байрлуулсан
байна. Ийнхүү Мөрөн хотын айл өрхүүд гадаад дотоодын 180 гаруй суваг, оюуны
өмчийн зөвшөөрөлтэй 10,000 кино контент болон өндөр хурдны интернэт, суурин утсыг
гэрээсээ авах боломжтой боллоо.