М.Бадамсүрэн: Гурван шатны шүүхийн шийдвэрээс хамааралгүйгээр “МТ” ШТС-ын газрыг чөлөөлөх бүрэн боломжтой

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2020-07-22 19:54:51

Дорнод /МОНЦАМЭ/. Чойбалсан хотын хойд төв замыг шинэчлэн тавьж буйтай холбоотойгоор зарим хэсэгт газар чөлөөлөх шаардлагатай болж байгаа юм. Дорнод аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн “МТ” ШТС-ын газрыг чөлөөлөх захирамж гаргасныг шүүх хэлэлцээд түдгэлзүүлэх шаардлагагүй гэж үзжээ. Энэ талаар тодрууллаа.


-“Магнай трейд” компани Таны гаргасан захирамжийг түдгэлзүүлж өгөхийг хүсэж шүүхэд хандсан юм байна. Хойд төв замын орчим дахь газар чөлөөлөхтэй холбоотой гэж ойлгож байгаа. Энэ талаар товч мэдээлэл өгөөч?

-“Ивээл” хорооллын хойд талд “Магнай трейд” компанийн ШТС бий. Шинээр зам тавигдаж байгаатай холбоотойгоор энэ газрыг эзэмших эрхийг нь дуусгавар болгосон учир энэ шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж өгөөч гэсэн хүсэлтийг тус компани гаргасан юм байна.

-Чойбалсан сумын нутаг дахь 17-р талбайн асуудал мөн энэ компанитай холбогддог шүү дээ?

-“Магнай трейд” компани Чойбалсан сумын нутаг дэвсгэр дэх 17-р талбай дээр хайгуул хийхээр өрөмдлөгийн цамхаг, бусад тоног төхөөрөмжийг байрлуулсан учир энэ газрыг албадан чөлөөлөх тухай аймгийн Засаг даргын захирамж гарсан. Энэ захирамжийг түдгэлзүүлж өгөөч гэсэн хүсэлтийг бас шүүхэд ирүүлсэн.   

-Шүүхийн шийдвэр хэрхэн гарав?

-Түдгэлзүүлэх хүсэлт гэдэг нь аймгийн Засаг даргын шийдвэрийн биелэлтийг түр зуур биелүүлэхгүй байлгаач гэсэн л хүсэлт шүү дээ. Шүүх урьдчилсан хэлэлцүүлэг хийгээд миний гаргасан шийдвэрийг түдгэлзүүлэх шаардлагагүй гэж хоёулан дээр нь үзлээ.

-ШТС-ын газар эзэмших хугацаа нь дууссан байсан уу?

-15 жилийн хугацаатай эзэмшүүлсэн нь 2019 оны есдүгээр сарын 17-нд дуусгавар болсон. Гэхдээ “Газрын тухай хууль”-д  тухайн байгууллага ямар нэгэн зөрчил гаргаж байгаагүй бол газар эзэмших эрхийг сунгах ёстой гэж заасан байдаг л даа. Аймаг орон нутгийн хөгжлийн явцад гарч ирж байгаа асуудал учир хугацаатай өгсөн байсан эрхээ дуусгавар болгож, чөлөөлж өгөх хүсэлтийг л бид тавьж байгаа юм. Энэ мэт зүйл дээр компаниуд бүр заргалдаад сурчихсан байдаг. Замын трасс дээр давхцаагүй бол ажлын байр бий болгоод бизнесийн салбарт өрсөлдөөд явахад нь мэдээж саад тээг тавихгүй шүү дээ.

-Тэгэхээр гурван шатны шүүхийн шийдвэр гарч дуустал хойд төв замын ажил хүлээгдэх хэрэг үү?

-Мэдээж гурван шатны шүүхээр явна, хугацаа орох нь мэдээж. Шүүхийн шийдвэрээс үл хамаараад газрыг чөлөөлөх ажиллагаа явагдах бүрэн боломжтой болсон гэсэн үг. Засаг даргын шийдвэрийг хүчингүй болгуулахыг шүүх хүлээж аваагүй гэж ойлгож болно. Замын ажил хэвийн үргэлжилнэ.

-Ер нь тухайн орон нутгийн удирдлагын гаргасан шийдвэрийг хүлээж авахгүй, шүүхэд хандах үзэгдэл жил ирэх тусам олшроод байх шиг харагддаг?

-Дашрамд хэлэхэд, Монгол Улсад мөрдөгдөж байгаа хуулийн биелэлтийг орон нутагт бүрэн хангуулах үүрэг хүлээсэн субъект бол аймгийн Засаг дарга. Тэр үүргийнхээ дагуу л ажиллаж байгаа. Ер нь гадаадын хөрөнгө оруулалттай компаниуд, үндэсний хэмжээний томоохон компаниуд дураараа авирлах, төрийн албыг үл ойшоох үзэгдэл гардаг. Тэрний нэг жишээ бол энэ газрын тосны хайгуулын талбайнууд л даа. Өнгөрсөн онд Петро Матад компанийн газрыг албадан чөлөөлөх шийдвэрийг гаргаж, шүүх дээр маргасан хэдий ч бидний шийдвэр бүрэн хэрэгжиж дуусаад, газар чөлөөлөхөд гарсан зардлаа хүртэл тус компаниас нэхэмжилж гаргуулж авсан байгаа. Үүнтэй адил Чойбалсан сумын нутаг дахь 17-р талбайн асуудлын тухайд шүүх хурал нь үргэлжилж, гурван шатны шүүхээр явах байх.

-За баярлалаа. 

相关新闻