ЕБС-ийн сурагчдад мэдээлэлтэй харилцах ур чадвар олгоно

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2020-07-21 17:27:05

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Мэдээлэлтэй харилцах сургалтыг ирэх хичээлийн шинэ жилээс ЕБС-ийн сургалтын хөтөлбөрт оруулах болжээ. 

Мэдээллийн технологи хурдтай хөгжихийн хэрээр нийгэм мэдээллийн давалгаанд өртөх болсон. Тиймээс гадаад улс орнуудад мэдээлэлд шүүлтүүртэй хандах ур чадварыг багаас нь олгож байна. Олон улсын жишгийн дагуу Монголын Хэвлэлийн хүрээлэн мэдээлэлтэй харилцах ур чадварын сургалтын загварыг боловсруулан Багшийн  мэргэжил дээшлүүлэх институтэд хүлээлгэн өгсөн нь батлагджээ. Ингэснээр ЕБС-иудын хичээлийн хөтөлбөр, агуулгад дээрх сургалтыг оруулах аж.  

Үүний өмнө хөтөлбөрийг эхлүүлэхийн тулд эхлээд багш нарт хэвлэл мэдээллийн  талаар ойлголт, мэдээлэл өгөх суурь боловсролыг үе шаттайгаар олгож мэргэшүүлж байна. 4 удаагийн сургалтын эхнийхийг туршилтын байдлаар,  нээлттэй, цахим хэлбэрээр явуулж хот, хөдөө орон нутгийн Монгол хэлний болон мэдээлэл-технологийн 60 гаруй багш нар хамрагджээ.


Сургалтын үр дүнгээс харахад өнөөдөр хүүхдүүд дийлэнхдээ ухаалаг гар утастай болсон учир мэдээллийг хурдан хүлээн авч, мэдээлэлтэй харилцах технологи нь багш нарынхаас илүү давсан байдалтай байгааг МХХ-гээс мэдээллээ. Өнөөгийн нөхцөлд нийгэмд хуурамч мэдээллийг яаж ялгах, мэдээллийг шүүн тунгаах хандлага ойлголт дутагдаж буй нь гарчээ. Тиймээс цаашид мэдээллийн урсгалд шүүлтүүртэй ханддаг болох, мөн авсан мэдээллээ зөв зүйтэй хэрэглэх ур чадвар шаардлагатай болжээ. 

相关新闻