Ажил идэвхтэй хайж буй иргэдийн 50 гаруй хувь нь эмэгтэйчүүд байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2020-07-20 18:29:52

Архангай /МОНЦАМЭ/. Архангай аймагт долоодугаар сарын байдлаар хөдөлмөр эрхлэлтийн албанд бүртгэлтэй ажил идэвхтэй хайж байгаа 889 ажилгүй хүн байгаагийн 50 гаруй хувь нь эмэгтэйчүүд байна. Бүртгэлтэй ажилгүйчүүдийн тоо өнгөрсөн оны мөн үеийнхээс 31.9 хувиар буурчээ.

Бүртгэлтэй ажилгүйчүүдийн 99.0 хувь нь боловсролтой иргэд байгаагийн 147 нь дээд, 38 нь тусгай дунд болон мэргэжлийн анхан шатны, 671 нь бүрэн болон бүрэн бус дунд, 24 нь бага боловсролтой хүмүүс байна.

Харин зургаадугаар сард ажилгүйчүүдийн бүртгэлд 351 хүн шинээр бүртгүүлж, 200 хүн ажилд зуучлуулан орсон байна.     

Түүнчлэн хагас жилийн байдлаар аймгийн дүнгээр 423 ажлын байр шинээр бий болгосон байна. Шинэ ажлын байрыг сумдаар нь авч үзвэл Эрдэнэбулган сум 108, Хотонт, Хашаат, Хангай, Өндөр-Улаан, Эрдэнэмандал сумд 30-49 ажлын байрыг, Ихтамир, Чулуут, Өлзийт, Булган, Төвшрүүлэх сумд 15-27 ажлын байрыг, Батцэнгэл, Цахир, Өгийнуур, Жаргалант сумд нэгээс 9  ажлын байрыг бий болгожээ.  

相关新闻