АРХАНГАЙ: Гомбо бурхны танкаг музейд хадгалж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2025-10-27 22:21:21

Эрдэнэбулган, 2025 оны аравдугаар сарын 27 /МОНЦАМЭ/. Архангай аймгийн музейн сан хөмрөгийн нэг хэсгийг бүрдүүлдэг бурхан шашны холбогдолтой, сонирхолтой үзмэрүүд бий. Тухайлбал, танка буюу шүтээн бурхдын зураг, шашны хөгжим зэмсэг, хурал ном, тахилын эд өлгийн зүйл, шашны зан үйлийн зарим хэрэглэл бий. Эдгээр шашны цуглуулга нь Зая гэгээний өв, Заяын хүрээ болон нутгийн зон олны өв сангаас бүрдсэн байдаг.


Аймгийн музейд хадгалж буй эртний шүтээн бурхдыг цувралаар хүргэж байгаа билээ. Энэ удаад Гомбо бурхны танкаг танилцуулъя.


Энэхүү танкаг зотон, шороон будгаар бүтээсэн, 18х16 см хэмжээтэй бүтээл юм.


Арван догшин хангалын нэг Гомбо сахиус. Гомбо сахиус нь зургаа, арван зургаан мутартайгаар дүрслэгддэгээс Монголд зургаан мутартай дүр нь өргөн тархсан байдаг. 


Бүтээлд бараан хөх лагшинтай, зургаан мутар, хоёр бойвтой харагдана. Зургаан мутартаа эрих, дамар, хутга, жад, гох цалам, гавал барьж, тэргүүндээ гавал титэм, лагшиндаа догшдын ясан чимэг зүүсгэл асааж, эд баялгийн эзэн Цогдаггаравыг гишгэлэн, бадарсан улаан галын өмнө оршино. Түүний дээр үүлэн дунд Очирдара бурхан, хоёр талд нь Зинамидра, Дагийраза нар тэрсүүдийг гишгэлэн зогсоно. Бүтээлийн доод хэсэгт Дарагшад, Чадраабал, Балданлхам бурхдыг дүрсэлжээ.  


Гомбо сахиусыг хүн малд тохиолдох гай зэтгэрийг даруулах, барцадаас ангижруулахын тулд урин залж, өргөл хүндлэл үзүүлдэг заншилтай.


相关新闻