Галшар сумын адууг үүлдэр болгож баталгаажуулахаар ажиллаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
erdenechimeg@montsame.mn
2016-05-13 12:01:34

Хүнс, хөдөө аж ахуйн яам,  Аймгийн мал аж ахуйн газраас гарсан ажлын хэсэг гарч Галшарын адууг үүлдэр болгож, бүртгэх ажлын эхлүүлэн Хэнтий аймагт ажиллаж байна. 

Хэнтий аймгийн хувьд 2010 оноос эхлэн гал шар угшлын адууг үүлдэр болгон баталгаажуулах судалгааг генийн түвшинд хүртэл хийгээд байгаа бөгөөд үр дүнг Хүнс, хөдөө аж ахуйн яамны ажлын хэсэг баталгаажуулснаар, Галшар үүлдэр албан ёсоор баталгаажих аж.

Галшарын адуу нь тал хээрийн бүс нутагт гойд сайн зохицсон бөгөөд гол давуу тал нь хурдан удам угшлын адууны бие галбиртай. Тухайлбал, бие жижгэвтэр, нарийхан толгой хөнгөн, хараа хурц, чих том биш босоо, хөлийн шөрмөс тод бүдүүн, туурай нь бат бэх зэрэг галбирын онцгой шинжтэй. Тус адууг үүлдэр болгон бүртгэснээр монгол адууг анх удаа үүлдрээр баталгаажуулсан тохиолдол болох өндөр ач холбогдолтой ажээ.

Аймгийн Мал аж ахуйн газрын дарга Д.Анхбаяр “Галшарын адуу нь Галшар сумаас гадна Баянмөнх, Дархан, Баянхутаг, Баянцагаан, Сүхбаатар, Дорнод, Төв аймаг зэрэг  нийт 80 гаруй суманд тархсан бөгөөд үржилийн тоо нь 2000 даваад байгаа учир үүлдэр болон гарах бүрэн боломжтой гэж үзэж байна. Хүнс, хөдөө аж ахуйн яамны баг тав хоногийн хугацаанд Хэнтий аймагт ажиллана. Шаардлагатай гэж үзвэл 2-3 удаагийн баталгаажуулалт хийнэ”  гэв.

Тус баг энэ хугацаандаа Галшар, Баянмөнх, Баянхутаг суманд ажиллахаар төлөвлөжээ.

Галшарын адууны амьдын жин нь азарга нь 370 кг орчим, өндөр нь метр 31 см, урт нь метр 36 см, цээжний бүслүүр метр 64, шилбэний бүслүүр 18 см орчим байдаг. Харин гүү нь 335 кг орчим, өндөр нь метр 28, урт нь метр 35, цээжний бүслүүр метр 58, шилбэний бүслүүр 17 см орчим байдаг ажээ.

Хэнтий аймаг О.Буянхишиг

相关新闻