Цар тахлын эсрэг хилчид зогссоор
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Улсын онцгой комиссын шийдвэрээр ОХУ-д ажиллаж, амьдарч, суралцдаг Монгол Улсын иргэдээ Сэлэнгэ аймаг дахь Алтанбулаг хилийн боомтоор татан авах ажиллагааг удаа дараа зохион байгуулалттай̆гаар явуулж байна.
Энэ удаа 07-р сарын 05-06-ны өдрүүдэд зохион байгуулсан ажиллагаанд Сэлэнгэ дэх Хилийн 0101, 0243 дугаар анги болон хилийн хяналтын байгууллагуудын 113 алба хаагч үүрэг гүйцэтгэжээ. Тухайн өдрүүдэд улсын хилээр дөрвөн автомашинтайгаар 13 иргэн, явганаар 202 иргэн орж ирсэн байна. Эдгээрийн 186 нь Монгол Улсын, 29 нь ОХУ-ын иргэд байсан бөгөөд том хүн 188, хүүхэд 27 иргэнийг шалган нэвтрүүлжээ. Энэхүү татан авах ажиллагааны зэрэгцээ өдөр бүр 20-30 тооны Олон улсын ачаа тээврийн машинуудыг нэвтрүүлдэг байна. Гэхдээ эдгээр машинуудыг Дархан-Уул аймгийн халдварт өвчин судлалын төв /ХӨСТ/-ийн сорьц шинжилгээний хариу сөрөг гарсныг үндэслэн аймгийн цагдаагийн газрын замын цагдаагийн хамгаалалтад очих ёстой цэг рүү нь явуулдаг байна.