Гуравдугаар сургуульд их засвар хийж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
Говь-Алтай /МОНЦАМЭ/. Япон Улсын Засгийн газрын "Өвсний үндэс-Хүний аюулгүй байдлыг хангах буцалтгүй тусламжийн хөтөлбөр”-ийн хүрээнд Есөнбулаг сумын Ерөнхий боловсролын гуравдугаар сургуульд их засварын ажил хийж байна.
Тус сургуулийг 1969 онд байгуулснаас хойш өдгөө хүртэл их засварт ороогүй бөгөөд ийнхүү уг хөтөлбөрийн хүрээнд 200 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар хийж байна. Засварын ажлыг тус аймгийн барилга угсралтын “Айргийн хад” компани гүйцэтгэж байгаа аж. Хагас зууны дараа барилгын их засварт орсноор багш, сурагчдын ажиллаж хичээллэх сургалтын орчин нөхцөл бүрэн шинэчлэгдэн сайжрах чухал ач холбогдолтой юм.
"Өвсний үндэс" буцалтгүй тусламжийн хөтөлбөр нь анх 1990 онд Монгол Улсад хэрэгжиж эхэлсэн бөгөөд өнөөдрийг хүртэл нийт 550 төслийг хэрэгжүүлээд байна. Төслийн 80 орчим хувь нь боловсролын салбарыг дэмжихэд зориулагджээ.