"Спорт ба Аман наадгай" үйл ажиллагаа зохион байгуулав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2020-06-27 11:25:16

Говь-Алтай /МОНЦАМЭ/. Говь-Алтай аймгийн Орон нутаг судлах музейгээс "Спорт ба Аман наадгай" үйл ажиллагааг зохион байгууллаа.


Улсын онцгой комиссын шийдвэрийг үндэслэн тус музейгээс сан хөмрөг, үндэсний уламжлалт соёл, түүх, өвийг таниулах зорилгоор "Спорт ба Аман наадгай" боловсролын хөтөлбөрийг 16 ба түүнээс дээш насны 12 хүнийг хамруулан зохион явуулсан юм. Энэүү хөтөлбөр нь спортын аливаа тоглоомыг тоглохдоо монгол ардын аман зохиолын төрлүүд болох хэлц үг, зүйр үг, хэл зүгшрүүлэх үг, ерөөл, магтаал зэргийг ашиглан тоглосноороо онцлогтой байлаа.

Түүнчлэн дэлхий нийтэд тархаад буй цар тахалтай холбоотойгоор тус музейн зүгээс олон нийтийг хамарсан үйл ажиллагаа зохион байгуулах, байр танхимд сургалт хийх боломжгүй байгаа цаг үед цахим сургалтыг хийж Монгол Улсын өнцөг булан бүрээс оролцох боломж бүрдүүлэн ажиллажээ. Тухайлбал, “Үндэсний тоглоом наадгай” сэдвийн хүрээнд Шагайн тоглоом наадгайг Говь-Алтай, Завхан аймгийн оролцогчид гэр бүлээрээ тоглон бичлэг болгон цахимд байршуулсныг 3844 хүн үзэж, 1676 хүн бичлэгийг дэмжин, олон нийтэд түгээсэн байна. Ингэснээр үндэсний тоглоом наадгайг олон нийтэд түгээн дэлгэрүүлэх, ардын аман зохиолыг тоглоом наадгайндаа ашиглан тоглож болдгийн ач холбогдлыг таниулахад чухал юм гэдгийг тус музейн тайлбарлагч С.Мягмардулам танилцууллаа.


相关新闻