Хэсгийн хорооны санал авах үйл ажиллагаа хуулийн хүрээнд үргэлжилж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2020-06-24 12:05:34

Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Монгол Улсын Их хурлын 2020 оны ээлжит сонгуулийн Сэлэнгэ аймгийн 13 дугаар тойргийн Сүхбаатар сумын 3 дугаар хэсгийн санал авах байрны сонгуулийн үйл ажиллагаа өглөөний 07.00 цагт албан ёсоор эхэллээ.

Тус үйл ажиллагааг нээж хэсгийн хорооны дарга Д.Ган-Отгон:”Сүхбаатар сумын хэмжээнд нийтдээ 16077 сонгогчтой. 8 хэсгийн хороотой. Ингээд сонгуулийн үйл ажиллагаандаа идэвхтэй оролцож, сонгуулийн хууль, дүрмийг чандлан мөрдөж, ёс зүйтэй, санал авах үйл ажиллагаагаа амжилттай явуулахыг нийт хэсгийн хорооны бүрэлдэхүүн, ажиглагчдаасаа хүсье гэлээ.

Тус хэсгийн үйл ажиллагаа өчигдрийн байдлаар урьдчилж авсан зөөврийн хайрцган дахь саналаа машинд уншуулснаар эхэлсэн. Сүхбаатар сумын 3 дугаар хэсэгт нийт 2564 сонгогч санал өгөх аж. Уг хэсэгт өчигдрийн байдлаар зөөврийн санал өгөх хайрцгаар нийт 11 хүн саналаа өгсөн байна. Тус санал авах байранд нийт 2750 ширхэг саналын хуудсыг хүлээн авсан хэмээн хэсгийн хорооны ажилтан Л.Уянга хэллээ.  

Хэсгийн хорооны санал авах үйл ажиллагаа хуулийн хүрээнд ажиглагчдаа хооронд нь зайтай суулгаж, сонгогчийн халууныг хэмжиж, амны хаалт, гар ариутгагч, нэг удаагийн бээлий зэргээр үйлчилж байв. Мөн журам сахиулах, аюулгүй байдлыг хангах үүрэг бүхий Цагдаа, Онцгой, Эрүүл мэндийн байгууллагын ажилчид гадна үүрэг гүйцэтгэн ажиллаж байна.   



相关新闻