Туркүүд Катарт цэргийн бааз байгууллаа

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
nyamtulga@montsame.mn
2016-05-11 11:31:04

КАИР. /VOA/. Турк улс өнгөрсөн сарын сүүлчээр Катарт цэргийн бааз байгуулжээ. Энэ нь тус улсын Ойрхи Дорнодын бүс нутагт байгуулсан анхны цэргийн бааз болж байна.

 “Gulf State Analytics” байгууллагыг үүсгэн байгуулагч Гиоргио Кафиеро мэдэгдэхдээ "энэ арга хэмжээ нь Ойрхи Дорнодын бүс нутагт нөлөөгөө тэлэх гэсэн Туркийн алхам, хүчирхэг хөршүүдийнхээ хараат байдлаас гарах гэсэн Катарын эрмэлзлийг илтгэж байна" гэжээ.

Османы цэргүүд Персийн буланг орхин явснаас хойш 100 жилийн дараа Туркийн цэргүүд Катарт эргэн ирлээ гэж Кафиеро дүгнэн хэлсэн байна.

“Катар, Турк хоёр Иранд үл итгэдэг бөгөөд Сири, Йемен дэх Ираны дайснуудыг дэмждэг. Ирантай цөмийн гэрээ байгуулснаас хойш АНУ-ын цэргийн хүчийг Ираны багагүй хүчийг сөрөн зогсох найдвартай хүчин гэж үзэх боломжгүй болсон. Хэрвээ америкчууд Ираныг аюулгүй гэж үзсэн тохиолдолд цэргээ буцаан татах болно гэж Турк, Катар хоёр үзэж байгаа” гэж тэрбээр дурдлаа.

Ойрхи Дорнод дахь АНУ-ын хамгийн том цэргийн бааз Катарт байдаг бөгөөд уг баазад 10 мянга орчим цэрэг байрладаг. Харин Туркийн саяхан байгуулсан баазад хуурай замын цэрэг, тусгай ажиллагааны баг, цэргийн сургагч нар зэрэг 3000 хүн байрлах ажээ.

Д.Нямтулга

 

 

相关新闻