Нью-Йорк хот дахь Теодор Рузвельтийн хөшөөг буулгана

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
Jargal.d@montsame.mn
2020-06-22 14:55:11

НЬЮ-ЙОРК. /The New York Times/. Нью-Йорк хот дахь Америкийн байгалийн түүхийн музейн урд босгосон АНУ-ын 26 дахь Ерөнхийлөгч Теодор Рузвельтийн хөшөөг буулгахаар болжээ. Музейн холбогдох саналыг хотын захиргаа баталсан байна.


1901-1909 он хүртэл засгийн эрх барьж байсан Рузвельтийн хүрэл хөшөөг 1940-өөд онд босгосон байна. Уг хөшөө үндсэн гурван элементээс бүрддэг. АНУ-ын төрийн тэргүүн асан морь унаж, нэг талд нь индиан, нөгөө талд нь африк гаралтай америк хүн байгаагаар дүрсэлжээ.


“The New York Times” сонинд мэдээлж буйгаар, музейн захиргаа уг хөшөөг эзэмших эрхийг эзэмшдэг Нью-Йоркийн эрх баригчидтай зөвшилцсөний дараа буулгах шийдвэрийг гаргасан байна. Олон хүний үзэж байгаагаар, энэ хөшөө нь колоничлолын тэлэлт болон арьсны өнгөөр ​​ялгаварлан гадуурхах үзлийн бэлгэ тэмдэг болсон гэж тус сонинд тэмдэглэжээ.


Үүний зэрэгцээ "туйлын хоёрдмол утгатай" байж болох боловч музейн захиргаа урьд өмнө ийм дурсгалт зүйлсийг үргэлж хадгалж хамгаалсаар ирсэн хэдий ч арьсны өнгөөр ​​ялгаварлах үзлийн эсрэг эсэргүүцлийн ажиллагаатай холбоотойгоор бодлоо өөрчилсөн болохыг онцолсон байна.


“Жорж Флойдыг нас барсны дараа хүчээ авч байгаа арьсны өнгөөр ялгаварлан гадуурхахыг эсэргүүцсэн хөдөлгөөн сүүлийн долоо хоногуудад музейн хамт олонд гүнзгий нөлөөллөө. Дэлхийн улс орнуудад арьсны өнгөөр ялгаварлан гадуурхах системийн хор хөнөөлтэй, хүчирхэг бэлгэ тэмдэг болсон эдгээр хөшөөнд илүү их анхаарлаа хандуулж байгааг бид ажигласан. Энгийнээр хэлэхэд Рузвельтийн хөшөөг буулгах цаг нь болжээ” гэж музейн захирал Эллен Фаттер мэдэгджээ. Үүний зэрэгцээ тэрбээр музейн зүгээс Рузвельтийг эсэргүүцсэн ямар ч зүйл байхгүй гэдгийг мэдэгдсэн байна. Тус музейн түүхтэй нягт холбоотой Америкийн Ерөнхийлөгч агсныг хүндэтгэн Биологийн төрөл зүйлийн танхимыг түүний нэрээр нэрлэхээр болжээ.


相关新闻