“Шинэ Өвөрхангай” төслийн хүрээнд мянган залууг Японд илгээнэ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
Өвөрхангай /МОНЦАМЭ/. Асашёорюү Д.Дагвадорж өөрийн эхлүүлсэн “Шинэ
Өвөрхангай” төслийн хүрээнд Өвөрхангай аймгаас мянган залууг Япон улсад
мэргэжил дээшлүүлэх, цалинтай ажлын байраар хангах зорилготой
ажиллаж байна.
Өнгөрөгч онд Хархорин, Хужирт
сумаас 26 эмэгтэйг сонгон шалгаруулж, Сайтама мужийн хүнсний бүтээгдэхүүн түгээх үйлдвэр, хоол
боловсруулах үйлдвэрт дадлагын ажилтнаар явуулжээ. Мөн
Хархорин, Хужирт, Бат-Өлзий сумаас 200 залууг бүртгэж, ажиллах хүчээр илгээхэд
бэлэн болоод байгаа ч халдварт цар тахлын улмаас хойшлогдоод байгаа аж.
Тэгвэл энэ удаа дахин 200 залууг
авахаар Японы талаас санал тавьсан бөгөөд Арвайхээрээс сонгон шалгаруулна
гэдгээ Асашёорюү мэдэгдээд байгаа юм. “Шинэ Өвөрхангай” төсөл нь инновац буюу нутгийн брэндийг хөгжүүлэх, экспортын
бүтээгдэхүүнийг нэмэгдүүлэх, боловсролыг дэмжиж, хүүхэд залуучуудыг дотоод,
гадаадад боловсрол эзэмшихэд нь туслах зорилготой. Үүний
тулд дэлхийд хөгжлөөрөө тэргүүлэгч Япон улстай хамтран, таван
жилийн хугацаанд Өвөрхангай аймгийн харьяат 1000 залууг илгээх аж.