10 мянган цэцэг тарьж, ургуулан хотын үзэмжийг нэмж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
Баянхонгор /МОНЦАМЭ/. "Баянхонгор Тохижилт Үйлчилгээ" ОНТҮГ-аас аймгийн төвийн нийтийн эзэмшлийн зам талбайн дагуух цэцгийн мандлуудад нэг наст цэцгийн үрсэлгээг суулгаж эхэлжээ.
Баянхонгор хотын нийтийн эзэмшлийн талбайн 15-16 цэцгийн мандалд 4-5 төрлийн 10 мянган ширхэг цэцгийн үрсэлгээгээр цэцэрлэгжүүлэхээр төлөвлөсөн байна. Цэцгийн үрсэлгээг нутгийн хөрсөнд хоёр сарын хугацаанд тарьж ургуулсан бөгөөд Аюулгүйн тойрог, төв талбай, гандангийн өмнөх талбай, төв зам дагуух нийтийн эзэмшлийн талбайд суулгах аж.
Ногоон байгууламж нь агаарт дэгдэх нүүрсхүчлийн хийг багасгаж, хүчилтөрөгчийг нэмэгдүүлэн, тоосжилтыг дарж, цэвэр агаараар амьсгалах нөхцөлийг бүрдүүлдэг байна. Нийтийн эзэмшлийн зам, талбайд тарьсан цэцгийг санаатайгаар тасдах, ногоон байгууламж руу орж эвдэж сүйтгэхгүй байхыг "Баянхонгор Тохижилт үйлчилгээ"-нийхэн санууллаа.







