Хүүхэд хамгааллын эргүүлийг тогтмол ажиллуулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2020-06-18 17:56:13

Ховд /МОНЦАМЭ/. Хүүхдийг осол гэмтлээс урьдчилан сэргийлэхэд хүн бүрийн оролцоо чухал. Тиймээс Ховд аймгийн ГБХЗХГ, Цагдаа, Мэргэжлийн хяналт, Онцгой байдлын газар, Жаргалант сумын ЗДТГ хамтран “Хүүхдийг осол гэмтлээс урьдчилан сэргийлэх хэсэгчилсэн арга хэмжээ зохион байгуулж байна.

Тус ажил энэ оны зургаадугаар сарын 05-ны өдрөөс долоодугаар сарын 15-ны өдөр хүртэлх хугацаанд үргэлжилнэ.

Хүүхдийн эрх, хамгааллын чиглэлээр гарсан  хууль тогтоомжийг иргэд, олон нийтэд сурталчлан таниулах, хүүхдийг аливаа осол, гэмтлээс сэргийлэх, аюулгүй ажиллагааны стандарт шаардлагыг мөрдүүлэхэд энэхүү ажлын зорилго чиглэж буй.

Тус ажлын хүрээнд Жаргалант сумын 12 багийн нутаг дэвсгэрт эрсдэлийн үнэлгээ хийжээ.

Үүнд хүүхдэд эрсдэл учруулж болзошгүй ил задгай цахилгааны утас, таглаагүй траншейны нүх, хурц ирмэгтэй мод, чулуу, тоглоомын талбайг бүртгэн авсан байна.

Мөн стандартын шаардлага хангахгүй зүйлсийг татан буулгах, засварлах чиглэлээр холбогдох байгууллагад Хүүхдийн эрхийн улсын байцаагчийн албан шаардлага хүргүүлэн ажиллаж байна.

Түүнчлэн сургууль, цэцэрлэгийн удирдлагад хүүхдийг осол гэмтлээс урьдчилан сэргийлэх чиглэлээр зөвлөмж хүргэжээ.

Цаашид төлөвлөгөөт хугацаанд хүүхэд хамгааллын эргүүлийг тогтмол ажиллуулна. Хүүхдийг аюулгүй орчинд эсэн мэнд амьдрах, хүүхдээ харгалзах хүнгүй орхихгүй байх талаар иргэдэд сэрэмжлүүлэг түгээж, төрийн болон ТББ-ын хамтын ажиллагааг эрчимжүүлнэ гэж албаны эх сурвалж мэдээллээ. 


相关新闻